УИХ-ын Тамгын газар ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2014 оны 9 сарын 29

Манай улс жил бүрийн 10 дугаар сарын 1-ны өдрийг “Ахмадын баяр”-ын өдөр хэмээн тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг угтан Улсын Их Хурлын дарга З.Энхболд болон Тамгын газрын удирдлагууд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч уулзан, тэдний санал бодлыг сонслоо.

УИХ-ын Тамгын газар нь Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн, мөн Тамгын газарт ажиллаж байсан 57 ахмадтай. Тэдний 40 гаруй нь өнөөдрийн уулзалтад хүрэлцэн ирсэн байв. Улсын Их Хурлын дарга З.Энхболд ахмадуудад баярын мэнд дэвшүүлээд, уламжлалт уулзалтад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ.

УИХ-ын Тамгын газрын ахмадын хорооны дарга Ш.Ринчин өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаад, ахмадуудын өмнө тулгамдаад байгаа асуудлын талаар УИХ-ын даргад дуулгалаа. Тэрээр ахмадуудын дунд өвчлөл маш их байгааг хэлээд төрийн өндөр алба хашиж байсан, төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн ахмад настнуудын эрүүл мэндийн асуудалд анхаарлаа хандуулж, эрх зүйн орчинг сайжруулах, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг яаралтай батлах, өндөр өртөгтэй эмчилгээнд явж буй ахмадуудад тусламж үзүүлэх зэргийг шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар саналаа хэлсэн юм.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд ахмадуудад хандан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг сар шинийн өмнө батлахаар төлөвлөж байгааг хэлээд ахмад настан болон хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг улсаас төлдөг. Энэ нь маш бага мөнгө байдаг учраас эргээд эрүүл мэндийн үйлчилгээ авахад хангалтгүй байдаг. Тиймээс энэ тогтолцоог өөрчлөхөөр хуулинд тодорхой заалтууд орж байгаа хэмээн тайлбарлалаа. Тэд уулзалтын төгсгөлд харилцан санал солилцсон юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9398
0 эможи
keyboard_arrow_up