УИХ-ын дарга З.Энхболд Ассоциацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2014 оны 9 сарын 22

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2014.09.22/ Дэлхийн сонгуулийн байгууллагуудын Ассоциацийн тэргүүн бөгөөд БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын дарга ноён Ли Ин-Бүк тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, Дэлхийн сонгуулийн байгууллагуудын Ассоциацийн тэргүүн бөгөөд БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын дарга ноён Ли Ин-Бүк Таныг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны урилгаар манай улсад хийж буй айлчлалын үеэр хүлээн авч уулзаж байгаадаа таатай байна. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороотой хамтран ажиллах санамж бичиг байгуулж, манай сонгуулийн байгууллагын ажилтнуудыг сургалтад хамруулах, харилцан туршлага судлах, зөвлөх ажиллуулах зэргээр хамтран ажиллаж байгаад талархалтай байна. БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссоос Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд саналын хайрцаг /2004 онд 3 төрлийн 7000 орчим ширхэг саналын хайрцаг/, техник хэрэгслийн туслалцаа /2012 онд 62 ширхэг зөөврийн компьютер/ үзүүлж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, сонгуулийг зохион байгуулж явуулахад ихээхэн хувь нэмэр оруулсныг тэмдэглэхэд таатай байна гэлээ.

Мөн тэрээр Монгол Улс сонгуулийн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж байна. 2011 онд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг баталсан. УИХ-ын болон Нийслэл, орон нутгийн 2012 оны сонгуулиуд болон 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг Сонгуулийн автоматжуулсан системээр шинэ хуулийн дагуу зохион байгуулсан. Дээрх сонгуулиудад сонгогчийн бүртгэл, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаандаа техник хэрэгсэл ашиглаж сонгуулийн автоматжуулсан системийг амжилттай нэвтрүүлж ажилласан. Мөн сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгохдоо БНСУ-ын туршлагыг судалж нэвтрүүлсэн. Тухайлбал, гадаад оронд байгаа сонгогчдын саналыг авах, сонгогчийн саналыг худалдан авах зорилгоор аливаа этгээдэд мөнгө, эд бараа тараасныг сонгогч мэдээлсэн нь үндэслэлтэй нь тогтоогдвол тухайн сонгогчид бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгож, гэм буруутай этгээдээр төлүүлэх зэрэг туршлагыг авч ашигласан нь үр дүнгээ өгсөн гэдгийг онцлон тэмдэглэв.

Дэлхийн сонгуулийн байгууллагуудын Ассоциацийн тэргүүн бөгөөд БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын дарга ноён Ли Ин-Бүк хэлэхдээ, айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга тантай уулзаж буйдаа баяртай байна. Монгол Улсад 2008 оны сонгуулийн маргаанаас болж тэмцэл гарч байсан тухай Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс сонссон. Миний ойлгож байгаагаар Сонгуулийн системийг автоматжуулах тал дээр Монгол Улс хамгийн өндөр технологитой болсон байна. Манай улс хэдий технологийн шийдлийг гаргасан ч зарим нутаг дэвсгэрт хагас автоматжуулсан систем ашиглаж байна. Ер нь сонгуулийн систем сонгуулийн дүнг өөрчлөх вий гэсэн хардлага байдаг. Сонгогчид болон улс төрийн намууд бидэнд итгэх нь л чухал гэдгийг илэрхийлэв.

УИХ-ын дарга З.Энхболд, 2008 оны сонгуулийн дараа сонгуулийн маргаанаас болж таван хүн амь үрэгдсэн. Үүнээс хойш иргэдийн дунд үл итгэх байдал бий болсон. Тиймээс бид Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг батлах ажлын хэсэг байгуулж, миний бие намаа төлөөлөн оролцож ажилласан. Хүнд найдах биш системд найддаг болох хэрэгтэй гэж шийдэж, дэлхий даяар эрэл хайгуул хийсний үндсэн дээр энэ системийг олсон. Манай улс цаас болон скайнер хосолсон системийг ашиглаж байгаа. Энэ системийн хамгийн том амжилт бол нуух юмгүй болсон. Нэгдүгээрт: сонгогчдын нэрсийн жагсаалтыг файлаар өгдөг болсон. Энэ бол АНУ-ын туршлага. Хоёрдугаарт: саналын хуудас нууц байсныг ил болгосон. Энэ бол Монгол Улсын туршлага. Үүнийг нэр дэвшигчид, улс төрийн намууд болон сонгогчид ойлгоогүй байсан. 1.200.000  саналын хуудасны зургийг бүх нэр дэвшигчид чөлөөтэй авсан байгаа. Нэг жишээ хэлэхэд, Орхон аймгаас хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон УИХ-ын гишүүн асан Д.Одхүү 2012 оны сонгуулийн саналын хуудсаа 7 хоногийн хугацаанд 30 гаруй хүний бүрэлдэхүүтэй тоолж үзсэн. Тооллогын дүн нь автоматжуулсан системтэй яг таарч байсан. Энэ хуулийг баталж сонгуулийн автоматжуулсан системтэй болсон нь Монголын улстөрчдийн ухамсартайгаар хийсэн том сонголт байсан хэмээн онцоллоо.

   Ноён Ли Ин-Бүк "Би маш их гайхаж байна. Сонгуулийн явц, санал тоолох явцыг та маш нарийн мэдэж байна. Миний бодлоор таны хийсэн сонгуулийн реформ бол БНСУ төдийгүй ардчилал хөгжиж буй орнууд бусад орнуудад сонгуулийг шударга явуулахад туршлага болно гэж үзэж байна" гэв.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хэлэхдээ, УИХ-аас дэмжлэг байхгүй бол бид энэ ажлыг хийхэд хэцүү байсан. Ялангуяа З.Энхболд дарга бол их дэмждэг. Сонгуулийн автоматжуулсан системийн автор нь гэж хэлж болно. Одоогийн байдлаар манай улсын туршлагыг 10 гаруй орны сонгуулийн байгууллага үзэж сонирхсон гэдгийг онцолсон юм.

   Дэлхийн сонгуулийн байгууллагуудын Ассоциацийг байгуулах саналыг 2011 онд БНСУ-д хуралдсан Азийн сонгуулийн байгууллагын Ассоциацийн Сөүлийн форумаас гаргажээ. Дэлхийн сонгуулийн байгууллагуудын Ассоциаци нь бүсийн улсуудын сонгуулийн байгууллагуудын Ассоциациудын төлөөлөл /Ази, Европ, Африк, Австрали, далайн улсуудын сонгуулийн байгууллагуудын Ассоциаци/, сонгуулийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Олон улсын байгууллагуудыг /EISA, EFES, IDEA, UNDP/ нэгтгэдэг байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэтэс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9096
0 эможи
keyboard_arrow_up