Ачаалал, асуудал ихтэй намрын чуулган айсуй
Яг жилийн өмнө УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж эхэлсэн. 2013 он гараад гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, өмнөх оныхтой харьцуулахад 42 хувиар багассан учир парламент ээлжит бус чуулган зарласан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарыг эдийн засаг, санхүүгийн байдалд арга хэмжээ авахыг анхааруулснаар яаралтай хэлэлцэж батлах асуудлуудыг УИХ-аар хэлэлцүүлж, батлуулахаар оруулав. Засгийн газраас эдийн засгийг сайжруулах, хөрөнгө оруулалт татах чиглэлийн таван хуулийн төсөл Ээлжит бус чуулганд өргөн барьсан. Хөрөнгө оруулалтын тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл хэлэлцүүлэгт орж ирсэн цагаасаа маш их шүүмжлэл дагуулж байсан. Тооцоо судалгаа муу хийсэн, батлаад жил ч болоогүй хуулиа өөрчлөх нь гэх мэтээр нэлээн шүүмжилсэн. Харин уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт “Урт нэр”-тэй хуулиас болж буураагүй байтал журмаар нэмэлт өөрчлөлт оруулж, зарим компанийн үйл ажиллагааг сэргээх гэснийг ч цөөнгүй гишүүн эсэргүүцсэн.
Мөн УИХ дахь МАН-ын бүлэг Монгол Улсын санхүү, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хүндрэлийг давах арга замыг хэлэлцэх санал гаргасан ч хүлээн аваагүй. Үүнд МАН-ын бүлгийн гишүүд дургүйцлээ илэрхийлж, ээлжит бус чуулган ямар ч шийдвэр гаргаж, оруулсан хуулийн төслүүдээ баталж чадаагүй, үр дүн муутай болсон гэж ч тодорхойлж байлаа. Гэхдээ 2013 оны намрын ээлжит чуулганаас өмнө хэд хэдэн чухал асуудалд намын бүлгүүд байр сууриа нэгтгэж, ойлголцож чадсан нь үр дүн хэмээж байв. Тэгвэл энэ жил гишүүд маргаж мэтгэлцэх нь битгий хэл ээлжит бус чуулган гэж хуралдах ч үгүй нь.
Илүү дэлгэрэнгүйг: Zaluu.com