Р.Гончигдорж: Улсын Бага Хурал үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлсэн
Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа эхэлсэн түүхэн өдөр /2014.09.13/ тохиож 24 дэх жилтэйгээ золгох гэж байна.
Улсын Бага Хурлын дарга, БНМАУ-ын дэд Ерөнхийлөгч асан, Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж тухайн үеийн парламентад сууж, анхны Үндсэн хуулийг батлалцаж байсан гишүүд болон Улсын Бага Хурлын Тамгын газарт ажиллаж байсан ажилтнуудыг 09.12-нд хүлээн авч уулзан түүхэн дурсамжаа хуваалцаж, өнөөгийн хууль тогтоох үйл ажиллагааны талаар санаа оноогоо солилцлоо.
Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж уулзалтын үеэр хэлэхдээ, “Одоогоос 24 жилийн өмнө Монгол Улсын хамгийн анхны Байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд бидний хувьд онцгой, Монгол төрийн хувьд чухал үйл явдал болсон билээ. Анхдагч нь Улсын Бага Хурлын гишүүд та бүхэн. Улсын Бага Хурал БНМАУ-ын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу хууль тогтоох, хянан шалгах чиг үүрэгтэй төрийн эрх барих дээд байгууллага статустайгаар 53 гишүүнтэй байгуулагдаж байсан. Улсын Бага Хурал Монгол төрийн эрх барих байгууллагын хувьд өөрийнхөө үндсэн чиг үүрэг болсон Монгол Улсын шинэ Ардчилсан үндсэн хуулийг боловсруулж, ард нийтээрээ хэлэлцүүлж, Ардын Их Хурлаар батлуулах үүргээ амжилттай биелүүлсэн. Улсын Бага Хурал таван жилийн бүрэн эрхтэйгээр сонгогдон байгуулагдсан боловч хоёр жилийн дотор шинэ Ардчилсан хуулиа баталж чадсан. Өөрсдийнхөө бүрэн эрхийг гурван жилээр үлдээж дараагийн бүрэн эрхэд шилжүүлсэн улс төрийн шийдэл нь тэр үеийн Бага хурлын гишүүд, шинэчлэлийн төлөө, ардчилсан хөгжлийн төлөө, ардчилсан үндсэн хуулиа аль болох хурдан хэрэгжүүлж, ард түмний хүсэл зоригийг дээд хуулийнх нь хүрээнд хэрэгжүүлэхийн төлөө гэсэн өндөр дээд сэтгэлээр хандаж байсан нь өнөө үед үлгэр дууриал болох байх. Үүнийг Монгол төрийн түшээд, Монгол төрийн байгууллагууд ихэд санаж, бодож, бас сургамж мэт хүлээж авч байгаасай гэсэн сэтгэл байдаг юм. Та бүхэндээ Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 24 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.
Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа эхэлсэн түүхэн ойг тохиолдуулан энэхүү уулзалтыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм. Уулзалтын үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа эхэлсний 25 жилийн ой ирэх жил тохиох гэж байгаатай холбогдуулан энэ үеэр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төлөвлөгөөний төслийн талаар танилцуулж ахмадуудын санал, бодлыг сонслоо. Мөн тэрээр Байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа эхлэхэд хүчин зүтгэж, Монгол Улсын түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн ахмадуудад баяр хүргэж ажлын амжилт хүслээ.
Улсын Бага Хурлын гишүүн асан Ж.Бямбадорж: - Улсын Бага Хурал анх байгуулагдаж байхад ямар техник, тоног төхөөрөмжтэй, боловсон хүчний хүрэлцээ ямар байсныг 24 жилийн дараа эргэн харахад одоогийнхтой зүйрлэхийн аргагүй. Тухайн үед өдөр шөнөгүй хуралдаж хурлаас гарсан шийдвэрийг ажлын хэсэг маргааш өглөө нь хуралдаанд оруулдаг байсан. Тэр үед Монгол Улсын төлөө гэсэн хоёргүй сэтгэлээр ажиллаж, маргах юман дээрээ маргаж чаддаг, эвлэрэх юман дээрээ эвлэрч чаддаг, нэгэн зорилгын төлөө ажиллаж чадсанаар өнөөгийн уламжлалыг бий болгосон юм. Энэ уламжлалыг залуучуудад өвлүүлэх ёстой.
Улсын Бага Хурлын гишүүн асан Д.Ламжав:- Өнгөрсөн сургамжаа хойч үедээ өвлүүлж үлдээх тухай бид мартаж болохгүй. Улсын Бага Хурлын чухал үүрэгтэй оролцсон ажил бол Үндсэн хуулийг баталсан явдал. Улсын Бага Хурлын түүхэн ойг тэмдэглэх нь зүйтэй. Ингэхдээ Үндсэн хуулийг хэрхэн тогтоосон талаар эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан эрдэм шинжилгээний бага хурал хийх саналыг дэвшүүлж байна.
Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Өөлд: - Улсын Бага Хурлаас гаргасан шийдвэрүүд тэр үеийн улс орны эдийн засагтай холбогдож байсан. Үндсэн хуулиа сурталчлах, өөрчлөх асуудлыг ард иргэдээрээ хэлэлцүүлэх хэрэгтэй. Ингэхдээ бүсчилсэн маягаар зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.
лсын Бага Хурлын гишүүн асан М.Энхсайхан: - Улсын Бага Хурлын асар том үүрэг нь хүний эрхээр жаргадаг Монгол Улсыг өөрийн эрхээр зовдог Монгол Улс болгосон юм. Өөрийн эрхээр өөрөө асуудлаа шийддэг бүрэн бие даасан шийдвэр гаргадаг байх хамгийн эхний шийдвэрийг Улсын Бага Хурал гаргасан. Өөрийн эрхээр ажилладаг үндэс суурийг тавьсан Улсын Бага Хурлын үйл ажиллагааг хойч үедээ сайн ойлгуулах хэрэгтэй. Мөн олон жилийг даах чадвартай төрийн тогтолцоог бид суурилуулж өгсөн. Зөрүү, ялгааг нь ойлгуулаад өгвөл дараагийнх нь үе аваад явах чадвартай гэж итгэж байна.