АНУ-ын Төрийн Департаментын EXBS хөтөлбөрийн менежер Даниэл Блейк Притчеттийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат АНУ-ын Төрийн Департаментын EXBS хөтөлбөрийн менежер Даниэл Блейк Притчетт тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав. Уулзалтад Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү нар байлцлаа.
Экспортын хяналт, түүнтэй холбоотой аюулгүй байдлын хөтөлбөр буюу EXBS нь бусад улс орны Засгийн газруудад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1540 тоот тогтоолын дагуу олон улсын стандартад нийцсэн экспортын хяналтын тогтолцоог бий болгон хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэн, улмаар үй олноор хөнөөх зэвсэг, пуужингийн систем тоноглол, ердийн зэвсэг болон эдгээртэй хамаарал бүхий зүйлсийг дэлгэрүүлэхээс сэргийлэх үйлсэд дэмжлэг үзүүлэх зорилготойг ноён Даниэл Блейк Притчетт уулзалтын эхэнд танилцуулсан.
Уулзалтын үеэр Стратегийн бараа бүтээгдэхүүний худалдааны хяналтын тухай хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар болон аюултай хог хаягдлын талаар санал бодлоо солилцлоо. Энэхүү хуулийн төслийг 2014 онд Улсын Их Хуралд Засгийн газраас өргөн барьсан бөгөөд хуулийн төслийг дахин боловсруулахаар буцаан татаж аваад байгаа юм.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хэлэхдээ, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2004 оны 1540 тоот тогтоол батлагдсанаас хойш Монгол Улсын Ерөнхийлөгч 2007 онд АНУ-д хийсэн айлчлалынхаа үеэр “Цөмийн болон бусад цацраг идэвхт материалыг хилээр хууль бусаар зөөвөрлөхөөс сэргийлэх асуудлаар хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичигт хоёр тал гарын үсэг зурсан. Хөтөлбөрийн дагуу 2008 оноос хойш хилийн боомтууд дээр цацраг хэмжих төхөөрөмжийг суурилуулан амжилттай ажиллаж байгаа болон энэ хүрээнд хоёр талын хамтын ажиллагаа тодорхой үр дүнд хүрснийг онцлон тэмдэглэж, энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд анхаарал хандуулах нь чухал болохыг хэллээ. Мөн тэрээр Улсын Их Хурлын Хууль зүйн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо энэ чиглэлээр цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.