УИХ-ын дарга З.Энхболд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ажиллав

2014 оны 9 сарын 08

 УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд 2014.09.05-нд Орхон аймагт “Шим-Технолоджи” ХХК-ийн Молибдены баяжмал боловсруулах үйлдвэрийн нээлтийн ажиллагаанд оролцсоны дараа  4600 гаруй хүн амтай Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ажиллав.

Тэрбээр Хутаг-Өндөр суманд махны чиглэлийн үхрийн фермерийн  аж ахуй эрхэлдэг Канадын иргэн Жереми Тиссений фермерийн аж ахуйтай танилцав. Канад улсын иргэн Жереми Тиссен 22 жил Монголд амьдарч байгаа бөгөөд анх Монголд ногоо тарих туршлагаас хуваалцахаар ирж байжээ.

  Гэвч тэрбээр эрс тэс уур амьсгалтай манай оронд амьдарч, ногоо тарихын зэрэгцээ Монголын малчидтай хамтран "Занадуразорбак" нэртэй компани байгуулан махны чиглэлийн үхрийн фермерийн аж ахуй эрхлэн, сар бүр эрүүл ахуйн шаардлага хангасан нэг тонн орчим үхрийн махыг 10 төрлөөр ангилан Улаанбаатар хотын зоогийн газарт  нийлүүлж байна.

Канадын иргэн Жереми Тиссен, Хутаг-Өндөр сумын малчидтай хамтран байгуулсан фермерийн аж ахуй нь нийт 200 гаруй үхэртэй юм. Тэд цаашид хүйтэн уур амьсгалд тэсвэртэй Английн Герефорд болон барууны орнуудад сүүлийн үед хамгийн их тархаж буй махны чиглэлийн үүлдэр болох хар ангус, улаан ангус үүлдрийг Монголд нутагшуулахаар ажиллаж буйгаа УИХ-ын даргад танилцуулав. Тэд жил бүрийн 11 дүгээр сард  үхрээ хашаанд тэжээн хүйтний улиралд үхрийн хашааны дулаан байдлыг хангахын тулд сүрэл дэвсдэг Канад туршлагыг нэвтрүүлжээ.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын фермерийн аж ахуй эрхлэгчид хэлэхдээ, цаг агаарын хүндрэл ган зудны улмаас Монгол Улсын мал сүргийн тоо толгой эрс буурах эрсдэл тулгардаг. Энэ нь хуучин арга барилаар мал аж ахуйгаа эрхлэн хөтлөх боломж эрсдэлтэй болохыг харуулж байна. Иймээс мал сүргийн үүлдэр угсааг сайжруулах, хот суурин, хүн амын төвлөрөл, зах зээлийн багтаамжаа түшиглэн мах-сүүний болон махны, сүүний төрөлжсөн аж ахуйг эрхлэх, мах, сүүний хангамж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх эрэлт хэрэгцээ, шаардлага бий болж байгааг онцолж байв.

Фермер Жереми Тиссен хэлэхдээ, Булган аймагт өвөлдөө дунджаар -30 градусын хүйтэн болдог. Монголчууд мал аж ахуйн орон гэдэг утгаараа өргөн уудам нутагтайгаас гадна Монгол малын чанар сайн гэж боддог. Уламжлалт мал аж ахуй эрхэлдэг малчдын хувьд өнөө цагт фермерийн аж ахуй эрхлэх сонирхолтой болж буй нь сайшаалтай. Хүйтэн уур амьсгалтай улс оронд махны чанар илүү сайн байдаг. Монгол үхрийн махны онцлог нь зөв стандартын дагуу тэжээж өсгөвөл өөх, мах нь зөв зохистой хэмжээнд байдаг учраас амт чанар сайн байдгийг хэллээ. Фермерийн аж ахуй эрхлэхэд малчдад их боломж байна. Цаашдаа малын тоо толгойноос гадна чанарт анхаарах шаардлагатай байгаа. Дэлхийн ихэнх орнууд махны чиглэлийн үхрийг хагас бэлчээрийн нөхцөлд малладаг болохыг тэрээр хэлж байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8317
0 эможи
keyboard_arrow_up