З.Энхболд “Сансар дахь бидний мөрөөдөл” төрийн бус байгууллагын төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авлаа

2014 оны 3 сарын 20

Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр  Шведийн “AAC Microtec” байгууллага болон “Сансар дахь бидний мөрөөдөл” төрийн бус байгууллагын төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. “Сансар дахь бидний мөрөөдөл” нэртэй нэгэн төслийг хэрэгжүүлэхээр дээрхи байгууллагууд хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд сансарын хиймэл дагуул

 

бүтээх хамгийн сүүлийн үеийн Plug and Play /PnP/ технологид түшиглэсэн сургалт, судалгааны үйл ажиллагаанд монголын өсвөр үе, оюутан залуусыг хамруулах зорилготой ажээ.

PnP технологиор хийсэн сансарын бага оврын хиймэл дагуулыг төлөөлөгчид уулзалтад хүрэлцэн ирэхдээ биетээр нь авч ирсэн байв. Хэмжээгээрээ хааш хаашаа 15 см орчим куб хэлбэртэй, 1.5 кг орчим жинтэй энэ төхөөрөмж нь хүмүүсийн ойлгож, төсөөлж явдаг асар том сансарын хиймэл дагуултай харьцуулахад загвар төдий зүйл шиг харагдаж байсан боловч түүнийг сансарт хөөргөн тойрог замд оруулах боломжтой ба сансараас зураг авах, дуу дүрс дамжуулах хүчин чадалтай юм байна. Техник технологийн дэвшлийн үр дүнд сансарын хиймэл дагуулыг бүтээх арга улам хялбар, төсөр болсоор байгаа бөгөөд улс орнуудPnP технологийг сансарын судалгаа шинжилгээ болон харилцаа холбоонд түлхүү ашиглаж эхлээд байгааг Шведийн “AAC Microtec” байгууллага болон “Сансар дахь бидний мөрөөдөл” ТББ-ын мэргэжилтнүүд тайлбарлаж байв. Уулзалтад авчирсан төрлөөс гадна PnP технологиор тухайн хэрэгцээ, шаардлагадаа нийцүүлэн том оврын, илүү өндөр хүчин чадалтай хиймэл дагуулуудыг “AAC Microtec” бүтээж байгаа бөгөөд Япон зэрэг улсуудад хэдийнээ нийлүүлсэн байна. Богино хугацаанд буюу 6 сарын дотор бүтээж, угсрах боломжтойн дээр constellation хамтын хэлхээсээр холбон ажиллуулах дараагийн шинэ хиймэл дагуулыг хийхдээ технологийн шинэ шийдлүүдийг цаг алдалгүй нэвтрүүлж байгаа нь PnP технологийн давуу тал юм байна.

“Сансар дахь бидний мөрөөдөл” төслийг хэрэгжүүлснээр манай улс монгол залуусын оюун ухаан, гар бие оролцон бүтээсэн PnP технологийн гурван ширхэг сансарын хиймэл дагуултай болох юм байна. Төслийн үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй сурагч, оюутнуудыг сонгон шалгаруулах бүртгэл явагдаж эхэлсэн ба гол шалгуур нь чөлөөт сэтгэлгээ байх ажээ.

УИХ-ын дарга сансарын хиймэл дагуул бүтээх PnP технологийн талаар дэлгэрэнгүй асууж сонирхохдоо, монголын залуусыг шинэ технологид сургаж, сэтгэлгээг нь хөгжүүлэх, тэднийг шинжлэх ухааны шинэ салбарт оюуны хүчээ сорих хүсэл тэмүүлэлтэй болгох, улмаар Монгол Улс сансарт өөрийн хиймэл дагуулаа хөөргөж, цаашид сансар судлалын салбарт үндэсний мэргэжилтнүүд нь ажилладаг болох хэтийн эрхэм зорилго тавин ажиллаж байгааг нь сайшаан дэмжиж байна гэдгээ уулзалтад хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд хэллээ.

PnP технологиор гурван ширхэг сансарын хиймэл дагуул бүтээнэ гэсэн тодорхой тоо ярьж байгаагийн учир нь хиймэл дагуулыг сансарт хөөргөх үеийн техникийн шаардлагаас үүдэн гарсан байна. Мөн сансарт хөөргөсний дараа тэдгээр хиймэл дагуул нь constellation буюу хамтын хэлхээс хэмээх олон улсын сансар судлалын хамтын ажиллагааны аргыг ашиглан өөр хоорондоо болон бусад хиймэл дагуултай сүлжээ үүсгэн мэдээлэл солилцох технологийг туршин эзэмших зорилготой юм байна. Constellation буюу хамтын хэлхээс хэмээх олон улсын сансар судлалын хамтын ажиллагааны аргаар өнөөдөр аль нэг улсын хиймэл дагуулаас өөр ямар нэг улстай холбоотой шуурхай мэдээлэл ирсэн тохиолдолд мэдээллийг хэрэгтэй газарт нь цаг алдалгүй дамжуулах зэргээр харилцан ашигтай ажилладаг туршлага нэгэнт нэвтэрчээ.

Хэрэв “Сансар дахь бидний мөрөөдөл” төсөлд оролцсон залуусын бүтээсэн сансарын хиймэл дагуулыг хөөргөж чадвал хүүхдүүд дараа нь газар дээрээс тэдгээр хиймэл дагуултай холбогдох, мэдээллээ дамжуулах арга ухаанд суралцах зэргээр төслийн үр өгөөж үргэлжилсээр байна гэдгийг төлөөлөгчид хэлээд хиймэл дагуулууд хэрхэн ажиллаж байгаа талаарх мэдээлэл Олон улсын радио сонирхогчдын группын бүртгэлээр дамжин олон нийтэд мэдээлэгдэж байдаг юм гэлээ. Харин хиймэл дагуулыг сансарт хөөргөхөд сансарын пуужин бүхий улс орны дэмжлэг авах шаардлагатай учир энэ тал дээр хамтран ажиллах боломжтой улс орнуудад хандан хүсэлт гаргах ажлыг мөн хийж байна, тун нааштай мэдээлэлтэй байгаа гэдгээ тэд дуулгалаа.

Шведийн “AAC Microtec” байгууллага нь PnP технологио дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх зорилготой ба Монгол Улсын тухайд үйл ажиллагааныхаа хүрээг олон улсад тэлж байгаагаараа ач холбогдолтой учир өөрийн шинэ технолиогийг манайд нийлүүлэхдээ хөнгөлөлт үзүүлж байгаа хэмээн онцолж байв. Монгол залуусын бүтээх сансарын гурван хиймэл дагуул нэг бүр нь 100 мянган ам.долларын өртгөөр босох юм байна.

Мөн одоогоор зөвхөн АНУ-ын ахлах сургуулийн хүүхдүүд PnP технологиор сансарын хиймэл дагуул хийж хөөргөөд байгаа учир “Сансар дахь бидний мөрөөдөл” төслийг хэрэгжүүлснээр Монгол Улс сурагч оюутан залуусаа энэ чиглэлээр сургаж, хөгжүүлж байгаа хоёрдах орон болох аж.

Төслийн нээлтийн ажиллагаа 3 дугаар сарын 21 нд Кемпински зочид буудалд болох бөгөөд сурагч, оюутнуудын дунд явуулах уралдаант сонгон шалгаруулалт 4 дүгээр сарын 1-нээс 7 дугаар сарын 11-ний хооронд явагдах бол хиймэл дагуулуудыг бүтээх ажлыг 7 дугаар сард эхэлж, 12 дугаар сард дуусгахаар төлөвлөжээ. Төслийн ерөнхий зохион байгуулагчаар Боловсрол шинжлэх ухааны яам ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
818
0 эможи
keyboard_arrow_up