Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал, зөвлөмж хүргүүлэв
Улсын Их Хурлын Төсвийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлуудаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтнуудаас мэдээлэл сонсож, цаашид улсын төсөв хэлэлцэхэд анхаарах асуудлын талаар санал солилцсон юм.
Тус хуралдаанаар улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд нийслэл болон орон нутагт баригдаж байгаа цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэл удаашралтай, зохион байгуулалтын ажил хангалтгүй хийгдэж байна гэж үзээд Монгол Улсын Ерөнхий сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Нийслэлийн засаг дарга нарт дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдсэн байна. Үүнд:
Цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж, одоо бүрэн ашиглагдахгүй байгаа 2552 орны хүүхдийн хувьсах зардал, хоолны мөнгөний зардалд 2014 онд шаардагдах 1.2 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц болон бусад эх үүсвэрээс гаргах, 2015 онд хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд шаардлагатай хувьсах зардал, хоолны зардлыг 2015 оны төсвийн төсөлд тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, мөн нийслэлд одоо үйл ажиллагаа явуулж байгаа 38 цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийх замаар цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоог 4500 хүүхдээр нэмэгдүүлэх, түүнд шаардлагатай 20.2 тэрбум төгрөгийн ажлыг концессийн гэрээ болон бусад эх үүсвэрээр энэ онд эхлүүлж, ирэх оны төсөвт санхүүжилтийг тусгах арга хэмжээ авах талаар дурджээ.