Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг
БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпин,
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Ерөнхий сайд аа,
Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,
Хүндэт зочид оо,
Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпин оролцож байна.
БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпин Танд Монгол Улсын Их Хурлын гишүүдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, нарлаг монгол оронд минь тавтай морилохыг хүсье.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосоны 65 жилийн ойн босгон дээр БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа нь 1994 онд хоёр орны хооронд байгуулсан Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ болон хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлж буй бусад баримт бичгийг амжилттай хэрэгжүүлж, цаашид хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Энэ удаагийн өндөр хэмжээний айлчлалын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал гаргаж, хоёр орны Засгийн газар хооронд Төмөр замын дамжин өнгөрөх тээвэр, далайн боомтыг ашиглах, худалдаа эдийн засаг, нийгмийн салбарыг хөгжүүлэх 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа. Мөн Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд эрчим хүч, төмөр зам, авто зам, нүүрс, сүү боловсруулах зэрэг хөдөө аж ахуй, хүнд, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллахаар 10 гаруй гэрээ, хэлэлцээр, санамж бичиг байгууллаа.
Эдгээр баримт бичгийг хэрэгжүүлэхэд Монголын төр засаг бүхий л анхаарлаа хандуулж хамтран ажиллах болно.
Байгалийн нөөц баялгийг ашиглах хамтын ажиллагааны хүрээнд нүүрс хийжүүлж шатдаг хий гаргах, төмөр, газрын тос боловсруулах зэрэг томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх нь Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Монгол орны мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ч харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байна.
БНХАУ-аас Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл, тусламж олгосонд талархал илэрхийлж байна.
Танд Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд үг хэлсэнд дахин талархал илэрхийлж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.