Оюутолгойн ашгаас иргэн бүрт 857 мянган төгрөг шилжүүлэх эсэхийг хэлэлцэнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдааныг ирэх Мягмар гаригийн /2026.11.17/ 14:00 цагт зарлажээ.
Хамтарсан хуралдаанаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх юм.
Тодруулбал, Оюутолгойн ногдол ашиг болох 3 их наядаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай асуудлыг хэлэлцэнэ.
Засгийн газар ирэх онд Оюутолгой төслөөс гурван их наяд төгрөг авахаар болж, хөрөнгө оруулагч талтай тохирсон болохоо мэдэгдсэн. Энэ хүрээнд Монгол Улсын 2027 оны төсөвт анх Оюутолгойгоос орж ирэх ногдол ашгийн гурван их наядаас хоёр их наядыг нь эрчим хүч, боловсролын салбарт зарцуулах, нэг их наядыг Үндэсний баялгийн санд хуваарилахаар төлөвлөсөн. Харин олон нийт ногдол ашгийг бэлнээр дансандаа авах сонирхлыг илэрхийлсэн юм. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр олгох боломжгүй. Иймээс хамтарсан байнгын хороо эл асуудлыг хэлэлцэнэ.

