Чингэлтэй дүүргийн 300 сурагч санхүүгийн боловсрол олгох өдөрлөгт хамрагдлаа

Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийн санаачилгаар ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг зохион байгууллаа.
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хамтран зохион байгуулсан тус өдөрлөгт Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 5, 50 дугаар сургуулийн 300 сурагч хамрагдаж, хуримтлал үүсгэхийн ач холбогдол, санхүүгээ зөв удирдах арга барил болон цахим залилангаас урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, мэдээлэл авлаа.
Өдөрлөгийн нээлтэд санаачлагч, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл оролцож, санхүүгийн боловсрол нь хүн бүрд хэрэгтэй чадвар болохыг онцоллоо. Тэрбээр ирээдүйд ямар мэргэжил сонгохоос үл хамааран орлогоо зөв хуваарилах, хэрэгцээгээ эрэмбэлэх, санхүүгийн оновчтой шийдвэр гаргах, хуримтлал үүсгэх дадал чухал гэдгийг сурагчдад захиж, тодорхой зорилго тавихаас хуримтлалын дадлаа эхлүүлэхийг зөвлөв.

Арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар болон холбогдох байгууллагын төлөөлөл оролцож, сурагчдад санхүүгийн сахилга бат, зөв хэрэглээ, хуримтлалын талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.
Мөн Монголбанкнаас “Kahoot” интерактив тоглоомоор дамжуулан сурагчдын санхүүгийн мэдлэгийг сорьж, оролцоонд суурилсан, сонирхолтой хэлбэрээр мэдлэгээ бататгах боломж бүрдүүлэв. Өдөрлөгийн үеэр Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирал Б.Ариунболд сурагчдад хадгаламжийн эрхийн бичиг гардууллаа. Энэ нь хүүхдүүдийг хуримтлал үүсгэх дадалд суралцаж, ирээдүйн зорилгодоо зориулан санхүүгээ төлөвлөхөд нь дэмжлэг болох юм.
Дэлхийн хуримтлалын өдөр нь жил бүрийн аравдугаар сарын 31-нд тохиодог бөгөөд 1924 онд Италийн Милан хотод болсон Олон улсын хуримтлалын анхдугаар конгрессоос эхлэлтэй. Энэ өдрийн зорилго нь хуримтлалын ач холбогдлыг олон нийтэд таниулж, иргэдийг санхүүгийн хувьд бие даасан, ирээдүйдээ бэлтгэлтэй амьдрахад уриалахад оршдог.














