Д.Цогтбаатар: Банк бус санхүүгийн байгууллагуудын өндөр хүүтэй зээлд иргэд “мөлжүүлж” дууслаа

УИХ-ын Төсвийн байнгын хороо, эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар /2026.10.20/ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар "СЗХ нь ББСБ-уудын хүүгийн асуудлыг хариуцдаг. Банк бус санхүүгийн байгууллагуудын өндөр хүүтэй зээлд иргэд “мөлжүүлж” дууслаа. Томилгоот ажлынх нь хугацаа дууссан ч төсвийн мөнгөөр тансагладаг, ялархсан сэтгэлтэй дарга нараасаа салж чаддаггүй, банк бусынхаа өндөр хүүгээс ангижирч чаддаггүй ийм л улс боллоо.
СЗХ-ны орон тооны гишүүн Н.Хүдэрчулууны томилолтын хугацаа дуусаад хоёр жил болсон ч чөлөөлөгдөөгүй бас нэг дарга байгаа. УИХ-ын өмнөх даргын найз нөхөр гээд хэн ч чөлөөлж зүрхэлдэггүй.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга энийг анхааралдаа авч, ажил хийх хүнийг томилмоор байна. Хугацаа нь дууссан, ажил хийдэггүй олон даргаасаа салмаар байна. Энэ хүмүүс том том өрөөтэй, машинтай, баахан туслахтай байх. Төсвийн үр ашиггүй зардлыг энэ мэтээр жижиг гэхгүй хэмнэмээр байна. Ийм паразитуудыг битгий төрөөс тэжээгээд байгаач ээ, энэ бол иргэдийн хүсэлт." гэв.

