Н.Батсүмбэрэл: Хүүхэд, залуусын сонирхлыг татдаг амт, үнэр оруулагчийг хориглож, өнгөлөг савлагаа, ил байршуулалт, сурталчилгаанд хязгаарлалт тогтооно

Энэ сарын 17-нд Тамхины хяналтын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын өчигдрийн чуулганаар эцэслэн баталлаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл "Хүүхэд, залуусыг тамхины хор хөнөөлөөс хамгаалах хуулийн шинэчлэл батлагдлаа.
Улсын Их Хурал өнөөдөр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Хуулийн шинэчлэл 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Уг хуулийн төслийг дэмжиж ажилласан УИХ-ын гишүүний хувьд, мөн УИХ дахь Боловсролыг дэмжих лобби бүлгийн дэд ахлагчийн хувьд хүүхэд, залуусын эрүүл мэнд, ирээдүйг хамгаалахад чиглэсэн энэхүү шинэчлэлийг онцлон тэмдэглэж байна.
Монгол Улс 2020 онд 47 мянган ширхэг электрон тамхи импортолж байсан бол 2024 онд 8.2 сая ширхэг болж, 175 дахин өсжээ. Мөн 2023 оны судалгаагаар 13–17 насны дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи хэрэглэж байгаа нь хүүхэд, өсвөр үеийнхний дунд никотины хамааралд өртөх эрсдэл нэмэгдсэнийг харуулж байна.
Хуулийн шинэчлэлээр:
- Электрон тамхи, вэйп, халаадаг тамхи зэрэг шинэ төрлийн бүтээгдэхүүнийг тамхин бүтээгдэхүүний хуулийн зохицуулалтад хамруулна.
- Хүүхэд, залуусын сонирхлыг татдаг амт, үнэр оруулагчийг хориглож, өнгөлөг савлагаа, ил байршуулалт, сурталчилгаанд хязгаарлалт тогтооно.
- Тамхи худалдаалах зөвшөөрөл, хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулж, хүүхэд, залуусын тамхинд хүрэх хүртээмжийг бууруулна.
- Электрон тамхи зэрэг шинэ төрлийн бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулж, уламжлалт янжуур тамхины татварыг үе шаттай нэмэгдүүлнэ.
Хүүхдүүдээ никотины хамаарлаас хамгаалах ажил гэр бүл, сургууль, хүүхдийн өдөр тутмын орчноос эхэлнэ. Иймээс багш, эцэг эх, сургуулийн удирдлага, төрийн болон хяналтын байгууллагуудын хамтын оролцоо, урьдчилан сэргийлэх боловсрол, хуулийн бодит хэрэгжилт нэн чухал юм.
Энэхүү хуулийг санаачлан, батлуулахын төлөө тууштай ажилласан УИХ-ын гишүүн О.Номинчимэг болон хамтран санаачилсан гишүүд, ажлын хэсгийнхэн, эрдэмтэн судлаачид, эмч, багш, эцэг эхчүүд, дэмжиж оролцсон нийт иргэддээ талархал илэрхийлье.
Хүүхдийн эрүүл мэнд, ирээдүйг хамгаалах нь бидний хамтын хариуцлага юм. " гэв.






