Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 4 нэр дэвшигчийн сонсгол боллоо

2026 оны 10 сарын 15

 Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос зохион байгуулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсгол /2026.10.14/ боллоо. 

Хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг сонсголын дэгийг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын тайланг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат танилцуулав.

Хууль зүйн байнгын хорооноос 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг 9 үе шаттай зохион байгуулж, 12 нэр дэвшигчээс нууц санал хураалтаар Ажлын хэсгийн олонхын санал авсан 4 нэр дэвшигчийг тодруулан Хууль зүйн байнгын хороонд өргөн мэдүүлсэн юм.

Arslan.mn

Эхний нэр дэвшигч Г.Эрдэнэбулган Улаанбаатар хотод төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 2009 онд, Дотоод хэргийн их сургуулийг 2024 онд төгссөн. Олон улсын эрх зүйч мэргэжилтэй, магистр. Хууль зүйн салбарт 17 жил, 2015 оноос Монголын хуульчдын холбооны гишүүн хуульчаар ажиллаж байгаа. Одоо Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын даргын албыг хашдаг. Ажлын хэсгээс нэр дэвшигч Г.Эрдэнбулган Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т заасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангасан гэж үзсэн бөгөөд хамгийн олон буюу 8 санал авчээ.

Нэр дэвшигч Г.Эрдэнэбулган, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2030), хүний эрхийг хангах чиглэлээр багц хуулийн төслийг боловсруулж батлуулах, шүүн таслах ажиллагааны нээлттэй, ил тод байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажилд оролцсон байна. Мөн Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан. ЗГХГ-т ажиллах хугацаандаа бие даан 30 гаруй хууль, 700 гаруй тогтоолын төслийг боловсруулан батлуулах ажлыг гүйцэтгэжээ.

Тэрбээр томилогдвол, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгааг бэхжүүлж, шүүгчийн сонгон шалгаруулалтыг ил тод, шударга явуулж, нэр дэвшигчийн чадварыг бодитой үнэлэх, шүүхийн ачааллыг тэнцвэржүүлэх, шүүхийн захиргааны менежмэнтийг сайжруулах, иргэдийн шүүхэд итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана гэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Г.Эрдэнэбулганы талаарх тайланг илтгэгч гишүүн Б.Баасандорж танилцуулсан. Нэр дэвшигчийн талаарх мэдээлэлтэй эндээс танилцана уу. (тайланг үзэх)

Ажлын хэсгийн тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, О.Алтангэрэл нар Ажлын хэсгээс асуулт асууж хариулт авсан. Гишүүд Ажлын хэсгийн гишүүдэд дарамт шахалт ирсэн эсэх, ажиллах хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байгаа эсэх, нэр дэвшигч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдвол ийм өөрчлөлт хийнэ гэдэг эрмэлзлийг үнэлэх шалгуур байдаг эсэхийг тодруулсан.

Ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат, сонгон шалгаруулалт явуулахад ямар нэг дарамт байгаагүй, нэр дэвшигчид тавих шалгуур тодорхой, үзүүлэлт бүр дээр илтгэгч гишүүд хянаж шалгасан гэдгийг онцлов.

Үргэлжлүүлээд сонсголд оролцогч П.Бадамрагчаа, О.Үлэмж, Х.Батсайхан, Д.Сэргэлэн, Б.Тамир нар нэр дэвшигч Г.Эрдэнэбулганаас асуулт асууж хариулт авлаа. Оролцогчид, шүүгчийн сонгон шалгаруулалт, шүүх, шүүгчийн хараат бус байдал, шүүхийн ачаалал, дагнасан шүүхийн талаар бодитой ямар ажил хийх вэ, албан тушаалд мерит зарчмаар сонгогдсон эсэх, тухай бүр тусгай шалгалт өгсөн үү, ултөрийн нөлөө бүхий хүнтэй холбоо хамааралтай эсэх зэргийг түлхүү сонирхож байв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, П.Сайнзориг, С.Эрдэнэболд, Г.Уянгахишиг нар нэр дэвшигч Г.Эрдэнэбулганаас асуулт асууж хариулт авсан. Гишүүд, нэр дэвшигчийн хууль боловсруулах туршлага Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай хэрхэн уялдах, шүүгчийг авлигаас ангид байлгахын тулд бодитой юу хийх вэ, МУИС-ийн магистрын хөтөлбөрөөс Дотоод хэргийн их сургууль руу шилжсэн шалтгаан, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх, хуулийн төслийн эх бичигчээр ажиллаж байсан эсэх, хашиж буй албан тушаалаас өөр чиг үүргийн хүрээнд ямар нэг дүгнэлт гаргасан эсэх, авлигын индекс, хүний эрхийн хэрэгжилт, хэвлэлийн эрх чөлөөг хэрхэн хангах зэргийг тодруулсан. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр сонгогдсоны дараа хэн нэг албан тушаалтнаас нөлөөлөх гэж оролдвол итгэл үнэмшилтэйгээр хуулийн хэлбэрэлтгүй зарчмыг баримталж чадах уу гэдгийг асуув. Нэр дэвшигч Г.Эрдэнэбулган, ямар ч үед хуулийг дээдэлж, зарчмаа баримталж хараат бусаар ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Дараагийн нэр дэвшигч Б.Амартүвшин МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч. “Шинэ эргэлт партнерс” ХХК-д 2023 оноос зөвлөхөөр ажиллаж байгаа.

Илтгэгч гишүүн С.Сүхчулуун нэр дэвшигч Б.Амартүвшингийн сонгон шалгаруулалтын талаарх Ажлын хэсгийн тайланг танилцуулсан. Ажлын хэсгээс нэр дэвшигчийг Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т заасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангасан гэж үзсэн бөгөөд 6 санал авчээ. Нэр дэвшигчийн талаарх мэдээлэлтэй эндээс танилцана уу. (тайланг үзэх)

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн байгаагүй. Харин оролцогч Б.Тамир, Х.Батсайхан, П.Бадамрагчаа, О.Үлэмж нар нэр дэвшигчээс асуулт асууж, төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байхдаа авлигын хэрэгт шалгагдаж хилийн хориг тавигдаж байсан эсэх, өмгөөллийн туршлага, улстөрийн нөлөө бүхий хүнтэй холбоо хамааралтай эсэх зэргийг тодруулсан.

Нэр дэвшигч Д.Амартүвшин, хууль хяналтын байгууллагад шалгагдсан тохиолдол байхгүйг мэдэгдээд, өөрийн эрх зүйчээр 20 жил ажилласан мэдлэг туршлагадаа тулгуурлан шүүх эрх мэдлийн хөгжил, шинэчлэлд хувь нэмэр оруулах зорилгоор нэр дэвшсэн бөгөөд шүүхийн захиргааны үйл ажиллагааг улстөрийн болон бусад нөлөөллөөс ангид байлгах, шүүгчийг шийдвэрлэсэн хэрэг, маргаантай нь холбогдуулан нэр төр, алдар хүндэд нь халдахаас хамгаалах, хүний нөөцийг зөв хуваарилах, төсөв санхүүгийн зохистой зарцуулалт зэрэг чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
671064
1 эможи

keyboard_arrow_up