Т.Мөнхсайхан: Эмч, сувилагч, эх баригч, эм зүйч болон уламжлалт анагаах ухааны эмч нарыг чиглэл тус бүрээр шалгалтад хамруулахаар тусгасан

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан "ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА" мэдээлэл өглөө.
Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтын тогтолцоог тодорхой тусгажээ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ:
Эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадвар нь хүний эрүүл мэнд, амь нас, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдалтай шууд холбоотой. Тиймээс Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсөлд эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтын тогтолцоог тодорхой тусгаж байна.
Шалгалт нь зөвхөн диплом, онолын мэдлэгийг баталгаажуулах төдий бус, тухайн мэргэжилтний заавал эзэмшсэн байх суурь мэдлэг, ур чадвар, ёс зүй, өвчтөний аюулгүй байдлыг хангах чадамжийг үнэлэхэд чиглэнэ.
Хуулийн төсөлд хүний их, бага эмч, нүүр амны их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн болон бусад холбогдох мэргэжилтнийг чиглэл тус бүрээр шалгалтад хамруулахаар тусгасан.
Мөн шалгалтыг зохион байгуулахдаа тэгш эрх, шударга ёс, ил тод, хараат бус байдал, хууль дээдлэх зарчмыг баримтлах бөгөөд Монгол Улсад болон гадаад улсад анагаах ухааны боловсрол эзэмшсэн иргэд шалгалтад орох эрх, бүрдүүлэх баримт бичигтэй холбоотой зохицуулалтыг тодорхой болгож байна.
Энэ бол эмнэлгийн мэргэжилтэнд тавих шаардлагыг нэмэгдүүлж байгаа асуудал биш. Харин иргэн бүр мэргэжлийн мэдлэг, ур чадвар нь баталгаажсан эрүүл мэндийн ажилтнаас чанартай, аюулгүй тусламж үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой зохицуулалт юм.
Хуулийн төсөлтэй дараах холбоосоор орж танилцана уу.
https://d.parliament.mn/.../f4160ba4-331d-4465-9bc1...











