БЗС-гийн зээлийг хувьдаа авсан гэх УИХ-ын гишүүн Б.Хэрлэн ₮550 саяын 2 ОРОН СУУЦТАЙ, ₮25 саяын үнэлгээтэй 4 ГАЗАРТАЙ

Одоогоос 4 жилийн өмнө Боловсролын зээлийн сан /БЗС/-г эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр хүмүүс нь хоосолсон асуудал нийгэмд дуулиан тарьж, эргэн төлүүлэх хүчтэй шаардлага тавигдаж байв.
Мөн Засгийн газрын энэхүү тусгай сангаас зээл авсан хүмүүсийн нэрийг олон нийтэд ил болгосон. Боловсролын зээл авсан хүмүүс дотор улстөрчид болон түүний үр хүүхэд, ах дүүс олноороо багтсан байсан нь Засгийн газрын тусгай санг эрх мэдэлтнүүд цөлмөдөг тогтолцоог өөрчлөх ёстой гэх асуудал ч хөндөгдсөн. Гэвч өнөөдөр ч бахь байдгаараа зээл болон хүү нь эргэн төлөгдөөгүй хэвээр байна. Тэдний нэг бол УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн.
Б.Хэрлэн гишүүн БЗС-ийн мөнгөөр ХБНГУ-д 45,500 ам доллараар суралцсан гэх боловч уг мөнгийг сургуулийн дансанд өгөөгүй байна. Хамгийн ноцтой нь тухайн үед Германы их сургууль төлбөргүй байсан аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара мэдээлэл хийхдээ, "Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн гишүүн худлаа ярьж хувьдаа авсан 45,500 ам доллараа өнөөгийн ханшаар хүүтэй нь төлөх ёстой. Сургалтын төлбөргүй сургуульд суралцсан байж БЗС-аас зээл авч, тэр мөнгөө хувь дансаар авсан байж болзошгүй. Боловсролын зээлийн сангаас авсан мөнгөө төлж, хариуцлага хүлээх ёстой." гэж мэдэгдээд байв.
Тэгвэл БЗС-гийн зээл, хүүгээ төлөөгүй яваа УИХ-ын гишүүн Б.Хэрлэнгийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮93 сая
Гэр бүлийн орлого: ₮24 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮30 сая
Орон сууц барилга байгууламж: ₮550 сая /Орон сууц-2, Зуслангийн байшин-2/
Тээврийн хэрэгсэл: ₮176 сая /Volkswagen Touareg , Toyota Rav 4, Nissan Vanette маркийн нийт 3 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮25 сая /Өмчлөх-379м2-1, Эзэмших-500м2-1, Эзэмших-700м2-2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮13 сая
Хадгаламж: ₮6,7 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮72 сая гэж мэдүүлжээ.
