ТӨК-ийн мөнгийг төсөвт татах нэрээр УИХ-ын гишүүдэд “мөнгө хуваарилах“ шинэ суваг нээх үү?

2026 оны 8 сарын 26

Arslan.mn

Төрийн өмчит компаниудын хуримтлуулсан мөнгийг төсөвт татан төвлөрүүлж, түүнийг хэрхэн зарцуулахыг УИХ шийднэ. Ганц өгүүлбэрээрээ бол энэ нь төсвийн сахилга бат, ил тод байдал, парламентын хяналтыг сайжруулах маш зөв санаа мэт сонсогдоно. Гэхдээ Монголын улс төрийн өнөөгийн нөхцөлд энэ өгүүлбэрийн ард өөр нэг асуулт зайлшгүй гарч ирж байна.

Төрийн мөнгийг УИХ-д төвлөрүүлж байгаа юм уу, эсвэл УИХ-ын гишүүдэд мөнгө хуваарилах шинэ суваг нээж байгаа юм уу? Энэ асуултыг асуух шалтгаан бий....

Засгийн газар 2026 оны төсвийн тодотголтой холбоотой мэдээлэлдээ төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн төсөвт өгөх ногдол ашгийг 1.6 их наяд төгрөгт хүргэхээр тооцож байгаагаа мэдээлсэн. Мөн төрийн өмчит уул уурхайн компаниудын хуримтлагдсан ашгийг татан төвлөрүүлэх асуудлыг УИХ-аар шийдүүлнэ гэж Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдэгдсэн.

Эндээс хамгийн чухал нь мөнгө хаанаас орж ирэх вэ гэдэг биш, орж ирснийхээ дараа хэний гарт ямар зарчмаар очих вэ гэдэг асуудал юм.

Төрийн өмчит компани гэдэг эцсийн дүндээ төрийнх. Төр гэдэг ард түмнийх. Тиймээс төрийн өмчит компанийн хуримтлуулсан ашиг, мөнгө бол хэн нэгэн сайдын, Засгийн газрын, эсвэл УИХ-ын гишүүний хувийн мөнгө биш. Энэ бол нийтийн хөрөнгө. Тиймээс тэр мөнгийг төсөвт төвлөрүүлэх нь буруу биш.

Харин төсөвт оруулж ирээд УИХ-ын гишүүн бүрийн улс төрийн нөлөөллөөр зарцуулах боломжтой болговол асуудлын мөн чанар өөрчлөгдөнө.

Учир нь Монголын улс төрд “тойрог” гэдэг үг зүгээр нэг газарзүйн ойлголт биш болсон.

Сонгууль дөхөхөөр зам, сургууль, цэцэрлэг, спорт заал, гэрэлтүүлэг, хашаа, тохижилт гээд тухайн тойргийн сонгогчдод харагдах хөрөнгө оруулалт улс төрийн хамгийн хүчтэй сурталчилгаа болдог. Үүнийг “ард иргэдэд хэрэгтэй зүйл хийж байна” гэж тайлбарлаж болно.

Гэхдээ нэг зарчим бий.

Төсөв бол  СОНГОГЧИД ХУДАЛДАЖ АВАХ хэрэгсэл биш.

Төрийн өмчит компанийн хуримтлагдсан мөнгийг татан төвлөрүүлээд, дараа нь “энэ гишүүний тойрогт тэдэн тэрбум, тэр гишүүний тойрогт тэдэн тэрбум” гэсэн логикоор хуваарилдаг бол бид төсвийн сахилга бат биш, улс төрийн наймааны шинэ хэлбэр бий болгож байна гэсэн үг.

Бүр цаашлаад "Засгийн газар огцрох" эсэх тухай асуудал улс төрийн тайзан дээр яригдаж байгаа энэ үед энэ мөнгөний асуудал бүр ч эмзэг харагдана.

Засаг огцруулахын төлөө кноп дарах гэж байгаа гишүүдэд “тойрогт чинь мөнгө өгнө” гэсэн улс төрийн дохио өгөх боломж үүсэх юм биш биз?

Товчхондоо, Төрийн өмчит компаниудын хуримтлагдсан мөнгийг төсөвт төвлөрүүлэх нь өөрөө муу зүйл биш. Харин ч төрийн санхүүгийн нэгдмэл байдлыг хангах, мөнгөний зарцуулалтыг ил тод болгох зорилгоор зөв механизм байж болно. Гэхдээ нэг хаалгыг хаагаад нөгөө хаалгаар нь мөнгө гаргадаг бол шинэчлэл хийсэн нэртэй л үлдэнэ.

ТӨК-ийн захирлууд мөнгө захиран зарцуулдаг байсныг шүүмжилж байгаад, оронд нь УИХ-ын гишүүд тойргоороо мөнгө хуваадаг тогтолцоо бий болговол бид асуудлыг шийдээгүй. Зүгээр л мөнгө хуваарилах эрх мэдлийн эзнийг сольсон хэрэг.

Өнөөдөр “төрийн мөнгийг улс төрөөс салгана” гэж ярьж байгаа бол маргааш тэр мөнгийг улс төрийн тохиролцооны хэрэгсэл болгохгүй гэдгээ харуулах ёстой.

Тэр тусмаа Засгийн газрын хувь заяа, сайд нарын суудал, УИХ дахь олонхийн тогтвортой байдал зэрэг улс төрийн томоохон асуудалтай зэрэгцэн хэдэн их наядын мөнгөний урсгал хөдөлж байгаа үед бол бүр ч илүү нээлттэй байх шаардлагатай. Үүнийг иргэд ч шаардах эрхтэй.

Төрийн мөнгийг "улс төрийн мөнгө" болгож хувиргах шинэ механизм байж болохгүй шүү....

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670391
0 эможи

keyboard_arrow_up