Р.Эмүжин: Монголын ойг Б.Бат-Эрдэнэ залгих уу?

Нийтлэлч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа " Монголын ойг Б.Бат-Эрдэнэ залгих уу? Учир нь Ойн тухай хуульд ойгоос түлээ мод, самар бэлтгэх бүх ажлыг зөвшөөрөлгүй болгохоор тусгаж байгаа аж. Тэгээд хэн дуртай нь ороод, хядаад, зөөгөөд дуусгах ёстой юу?" гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр " За шулуухан л ярьж авъя. Байгаль орчны сайд асан пороро Бат-Эрдэнэ оочны сахал шиг жаахан ойг маань үгүй хийхээр шийджээ. Ойн тухай хууль гээчийг санаачлаад, өнөө маргаашгүй УИХ-аар батлахдаа тулсан байна. Улсаараа хөлбөмбөг, хүүхдийн зуны амралт, уул хангайн тахилга, элсэлтийн шалгалтууд гээд зав чөлөөгүй үеийг сайтар тооцоолон тааруулсан байна. Энэ хүн чинь одоо хэний захиалгаар ажиллаад байна аа?
1. Ерөнхий сайд Учралын “Чөлөөлье” санаачилга чинь нийтийн хоол, худалдаа, барилгын салбарт нүүрлэсэн хүнд суртлыг арилгах зорилготой болохоос ойгоо хядах гэж эхлүүлсэн аян биш гэдгийг хэлмээр байна. Бат-Эрдэнийн санаачлан зүтгүүлж байгаа Ойн тухай хуульд ойгоос түлээ мод, самар бэлтгэх бүх ажлыг зөвшөөрөлгүй болгохоор тусгаж байгаа аж. Тэгээд хэн дуртай нь ороод, хядаад, зөөгөөд дуусгах ёстой юу?
2. Чөлөөлье санаачилгын үр дүнг монголчууд хүртэх ёстой. Монгол иргэн, монгол айлд наалдах учиртай. Гэтэл Монголын ой болон түүний баялгийг хядаж, өнөөг хүртэл хулгайгаар зөөж, хэдэн муу залуусыг маань боол зарц шиг боорлож байдаг хятадуудад Бат-Эрдэнийн энэхүү Ойн тухай хууль илүү ээлтэй болж таараад байгаа юм.
3. Бод доо, ойгоо зөвшөөрөлгүй хядна, хуш модны самраа ямар ч зөвшөөрөлгүй буулгаад ачна. Байгаль орчны салбарт бол энэ зөвшөөрөл гэдэг чинь нөхөн сэргээлт, эргэн төлжилт гэхчлэн хариуцлага, үр дүн, хяналт тооцох гол хэрэгсэл болох ёстой биш үү?
4. Ойн тухай хууль гэдэг нэртэй, Монголын ойн баялагт шуналын гараа лав шургуулсан харийнхны захиалгаар боловсруулсан байж болзошгүй энэ хуулиа бас Ерөнхий сайдын “ Чөлөөлье санаачилгад нааж, Ерөнхийлөгчийн Тэрбум мод хөдөлгөөнд зүүгээд үзэж байна аа. Үгүй, энэ бол хуулийн хулгай, тодруулбал ойн хулгай.
5. МАН-ынхан яагаад ийм муудаа сайн, муухайдаа гарамгай юм бэ? Хаанаас, ямар авилга авчихаад, хэнд үйлчлээд ингэж Монголын парламентийг ашиглаад байдаг юм бэ? Ойгоо хамгаалах гэсэн иргэд энэ хуулийг нт эсэргүүцээд эхлэнгүүт “ Зөвшөөрлийн тухай хуульд байгаа” гэхчлэн гөлөг төөрүүлээд эхэлжээ. Зөвшөөрлийн тухай хууль чинь байнга шинэчлэгдэж байдаг, өөрчлөлт оруулдаг маш их хөлөлгөөнтэй хууль. Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулчих л байсан юм бол Ойн тухай хууль санаачилж, холион бантан хутгаж, жаахан ойгоо жалганы шороо болгох арга замыг нээж өгөх ямар шаардлага байгаа юм бэ?
6. Монголчууд бурууд нүд хурц болсон шүү, Бат-Эрдэнэ эээ. Монголын ойн баялгийг ямар ч зөвшөөрөлгүй залгих, зөөх хүсэлтэй ямар бүлэглэл чамайг Ерөнхий сайдынхаа Чөлөөлье аяны нэрээр, Ерөнхийлөгчийнхөө Тэрбум мод санаачилгын эсрэг хөдлөхөд хүргээд байна аа, ямар бөх зүрх, бүдүүн хүзүү вээээ? Ой гэдэг чинь байшин сав биш, зоогийн газар биш, худалдааны төв биш. Ой бол улсын баялаг, төрийн баялаг, үндэстний баялаг, бүхэл бүтэн шим мандал, амьд оршихуй. Элдэв юм бичилгүй зусчихмаар байхад яасан хэцүүтэй юм дуулгадаг хүүхэд вэ, чи чинь." хэмээжээ.

