УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара давуу байдал ашиглаж одоо ч “рекламын гэрээ“ авсаар байх уу

УИХ-ын 126 гишүүн дотор ашиг сонирхлын зөрчилтэй хэд хэдэн гишүүд байгаа гэхэд хилсдэхгүй. Үүний нэг нь ИЗНН-аас жагсаалтаар орж ирсэн М.Нарантуяа-Нара юм.
Түүний хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд УИХ-ын гишүүн гэх давуу байдлаа ашиглан онлайн худалдаа эрхэлж олны шүүмжлэлийг дагуулсан. Сүүлд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нь БНСУ-ын гоо сайхны эмнэлгийг сурталчилгааг өөрийн цахим хуудсаар хийв. Тэрбээр тус эмнэлгээр урамшуулал, хямдралтай үйлчлүүлсэн гэх бөгөөд хариуд нь тус эмнэлгийн сурталчилгааг хэдэн өдөр өөрийн цахим хуудсаар хийж өгсөн харагдав.
Жагсаалтаар орж ирсэн гишүүн маань хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр чихрийн агууламж өндөртэй бэлгийг Carrefour дэлгүүртэй хамтран хүүхдүүдэд тараасан гэх шүүмжлэл мөн цахим орчинд гарсан.
ИЗНН-аас “тооноор” орж ирсэн гишүүн маань худалдаа, наймаагаа өөрийн цахим хуудсаар хийж, далд сурталчилгаа бүхий агуулгатай гэрээт ажлуудаа үргэлжлүүлж байгаа нь УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг уландаа гишгэж буй нэг хэлбэр гэж үзэхээр байна.
“Гишүүн” гэх олны анхаарал татсан албан тушаал, давуу байдлаа ашиглан энгийн онлайн худалдаа эрхлэгчдийн зах зээлээс ажлыг нь булаан авч хийж буй нь М.Нарантуяа-Нара гишүүнд хэн хариуцлага тооцох вэ?!
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин есдүгээр зүйлийн 1-т : "Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.",
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 44 дүгээр зүйлд УИХ-ын гишүүнд хориглох үйл ажиллагааг тодорхойлохдоо: "бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулж бусдаас шан харамж авах, гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах, аливаа байгууллага, иргэнээс нэг сарын цалингийн хэмжээнээс дээш төгрөгийн үнэтэй бэлэг дурсгалын зүйлсийг хувиараа авах "гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара лайв хийн, бараа, бүтээгдэхүүн, эмнэлэг сурталчилсан нь ямар ч эргэлзээгүй хууль зөрчсөн үйлдэл болж таарч байна.

