Тооноор орж, Байнгын хорооны даргаар заларсан П.Ганзориг ₮2,7 тэрбумын 4 ОРОН СУУЦ, ХАУСТАЙ, ₮842 саяын үнэлгээтэй МАЛТАЙ

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн П.Ганзоригийг сонгосон.
Монголын улс төр дэх гуравдагч хүчний орон зайг нөхөхөөр гарч ирсэн ХҮН намын төлөөлөл болж, УИХ-ын гишүүнээр сууж буй нэгэн бол Пүрэвжавын Ганзориг. 2021 онд тус намын ерөнхий нарийн бичгийн дарга болж, жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгдсэнээр 2024 оны сонгуулийн үр дүнд хууль тогтоох дээд байгууллагад заларсан юм.
Тэгвэл УИХ-ын байнгын хороодын дарга болсон П.Ганзоригийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮59 сая
Гэр бүлийн орлого: ₮94 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,7 тэрбум /Орон сууц-4, Амины орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮60 сая / Nissan маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮842 сая /Адуу-205, Үхэр-42, Хонь-53/
Газар: ₮100 сая /Эзэмших-492м2-1, Эзэмших-687м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮76 сая
Хадгаламж: ₮347 сая
Авлага: ₮520 сая
Зээл: ₮118 сая гэж мэдүүлжээ.
Мөн Их Эрин Капитал ХХК, Их Эрин Холдинг ХХК, Их Эрин Трейдинг ХХК,Тесла Сэйлс Монголиа ХХК гэсэн дөрвөн компанид хөрөнгө оруулалт хийж, хувь эзэмшдэг байна.
Эргэн сануулахад, П.Ганзоригийн хувьд намын дарга Т.Доржхандтайгаа халаас нэгтэй хэмээн зарим цахим хуудсанд бичсэн нь бий. Тодруулбал, Т.Доржхандын эхнэр У.Сийлэнтэй барилгын “Их эрин констракшн” ХХК-ийг удирдаж байсан нь нээлттэй мэдээллийн хуудаснуудад байдаг. Тэгвэл “ergelt.mn”-д “УИХ-ын гишүүн П.Ганзориг, түүний төрсөн ах П.Гантогоо болон УИХ-ын гишүүн Т.Доржханд, түүний эхнэр У.Сийлэн нар “Монре даатгал” ХХК, барилгын “Их эрин констракшн” ХХК, автомашин, сэлбэг хэрэгслийн худалдааны “Автохаб” ХХК, зээлийн “Зээл эм эн платформ” ББСБ, хувьцааны “Стандарт инвестмент ҮЦК” ХХК гэх таван компанийг хамтран байгуулж, эзэмшиж ирсэн. Мөн УИХ-ын гишүүн П.Ганзориг, УИХын гишүүн Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандоржтой 2017 онд “Гэрэгэ менежмент” ХХК-ийг хамтран байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд, ХҮН намын генсек, УИХ-ын гишүүн П.Ганзориг хоёрын гэр бүл, ах, дүү нар зургаан компаниар халаасаа нэгтгэсэн гэсэн үг” хэмээн бичсэн нь бий.
