Баяндэлгэр сумын малчин М.Нямжав, Д.Дүүрэнбилэг нар улсын аварга малчин болж, 30 гаруй жилийн хөдөлмөрөө төрдөө үнэлүүллээ

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн босгон дээр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Дөхөм багийн малчин М.Нямжав, гэргий Д.Дүүрэнбилэг нар Улсын аварга малчин боллоо.
Шагналыг аймгийн Засаг дарга М.Идэрбат, аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Д.Амарбат, сумын Засаг дарга Д.Аваажигмэд, ИТХ-ын дарга Я.Эрдэнэбат, багийн дарга Г.Оюунчимэг, Дөхөм багийн ИТХ-ын төлөөлөгч нарын хамт гардуулж өглөө.
1998 онд тусдаа гарсанаас хойш 2017 онд аймгийн аварга малчин болж байсан тэд ийнхүү 9 жилийн дараа улсын аварга малчин болж, 30 гаруй жилийн хөдөлмөрөө төрдөө үнэлүүллээ.
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр "Жилийн дөрвөн улирлын хүнд хэцүүтэй нүүр тулж, эрдэнэт мал сүргээ үржүүлж, Монголын үнэт өв соёлоо хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж яваа та бүхэндээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье." гэв.

