Ахмадуудын тэтгэвэр, нийгмийн халамжийг нэмэгдүүлэх талаарх иргэдийн саналыг уламжиллаа

УИХ-ын дарга Н.Учрал "Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай уулзаж, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны талаарх явцын мэдээллийг сонслоо.
Тэрбээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж болзошгүй хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актуудыг тодорхойлж, авлига, хүнд суртал үүсгэж байгаа хуулиас давсан дүрэм журмуудад дүн шинжилгээ хийж, засаж сайжруулах ёстойг санууллаа. Энэ хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг цаг алдалгүй, шуурхай хийх шаардлагатай байгааг тэмдэглэв.
Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх нийт 24 илтгэл ирүүлснийг Улсын Их Хурал тухай бүрд нь хэлэлцэн, Улсын Их Хурлын 8 тогтоол, Хууль зүйн байнгын хорооны 10 тогтоолыг баталсан байдаг. Эдгээр тогтоолд тусгагдсан санал, зөвлөмжийг анхаарч холбогдох хууль тогтоомжийн төсөлд тусгаж ажиллахыг Улсын Их Хурлын дарга мөн сануулсан.

Улсын Их Хурлын чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын дарга Н.Учрал тойргийн гишүүд болон Засгийн газрын зарим гишүүний хамт зүүн, хангайн бүсийн аймгуудаар ажилласан. Энэ үеэр иргэд, олон нийтийн санал, хүсэлтийг нээлттэй сонсож, санал солилцсон бөгөөд нийтлэг хэд хэдэн асуудлыг онцлон хөндөж байгааг Улсын Их Хурлын дарга тус бүрд нь дэлгэрэнгүй танилцуулж, ажлын хэсгийн түвшинд анхаарч ажиллахыг хүсэв.
- Төрийн албан хаагчдын цалин хөлс ялгавартай тогтоогддог, хөдөлмөрийн хөлстэй холбоотой гаргасан шийдвэр хэрэгждэггүй, цомхотгол нь байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж, ажлын бүтээмжид нөлөөлж буйг холбогдох ажлын хэсгүүд анхаарч ажиллахыг хүслээ.
- Ахмадуудын тэтгэвэр, нийгмийн халамжийг нэмэгдүүлэх талаарх иргэдийн саналыг уламжиллаа.
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээ, газар олгох эрхийг орон нутагт нь шилжүүлэх талаарх иргэдийн саналыг танилцуулсан.
- Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос тухайн аймаг, суманд илүү хуваарилахтай холбоотой иргэдийн саналуудыг онцолж байв.
- Малчны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, малчин өрхийн амьжиргааг дэмжих, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортыг хориглох, хязгаарлах зохицуулалт хийхгүй байхыг онцолж байгааг анхаарч ажиллахыг хүссэн.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангаж, ажиллах, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах талаарх иргэдийн саналыг Улсын Их Хурлын дарга ажлын хэсгийн ахлагч, дэд ахлагчдад танилцуулан, анхаарал хандуулж ажиллахыг чиглэл болгов.
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.5.1-д заасан “Нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алсдлагдсан байх” шалгуурыг багасгаж, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдэд орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх хэрэгцээ шаардлага байгаа зэрэг нийтлэг асуудлуудыг онцолж, анхаарч ажиллахыг хүслээ.
Улсын Их Хурлын дарга Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд тулгамдсан асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг байгуулсан. Эдгээр ажлын хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг бататган иргэн, хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагааг хязгаарласан зохицуулалт, төр-иргэний харилцаанд тогтсон хүнд суртлыг арилгах, төрийн үйл ажиллагааг цахим, ил тод, хариуцлагатай болгох, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.










