Гавьяат хуульч Ж.Бямбаа, Хууль зүйн ухааны дэд профессор А.Эрхэсхулан нарт Б.Чимидийн нэрэмжит шагнал хүртээлээ

Жилий бүрийн Үндсэн хуулийн өдрөөр хууль зүйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан нэг бүтээлд Үндсэн хуулийн эхийг баригч, гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал олгодог уламжлал тогтсон.
Энэ жил УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбаа, хууль зүйн ухааны доктор, дэд профессор А.Эрхэсхулан нарын туурвисан “Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал” бүтээлд Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг хүртэхээр шийдвэрлэжээ. Шагналыг УИХ-ын дарга гардуулан өглөө.

Дараа нь Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбаа үг хэлэхдээ “Энэхүү хүндтэй шагналыг авч, Монголын шилдэг хуульчдын нэгэн адилаар үнэлүүлж буйдаа туйлын их баяртай байна. Би 1968 онд Улсын дээд шүүхийн дэргэдэх Хууль зүйн дунд сургуульд сурч байхдаа гялалзсан сайхан залуу багш Б.Чимидээр захиргааны эрх зүйн хичээл заалгаж, тархи толгой маань сэхээрч байснаа тодхон санаж байна. “Эрүүгийн процессын эрх зүй” хэмээх нэр томьёог залуу багш нар маань оноосон, үүнд би их баярлаж явдаг. Энэ ном бол эрүүгийн процессын хуулийн шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа хэрэгцээ, шаардлагыг хангахын тулд богино хугацаанд бэлтгэгдсэн, бакалаврын түвшний доод хязгаар юм. Энэ сурах бичиг маань онол арга зүй болон практик хэрэглээний хувьд зэрэгцээ түвшинд бичигддэг онцлогтой. Энэ шаардлагыг бид тухайн үедээ хангахыг чадах хэрээрээ чармайсан. Ахмад үеийн бид казах, орос хэлний мэдлэгтэй бол залуучууд маань олон хэлний мэдлэгтэй болжээ. Тийм учраас олон улсын эрх зүйн жишиглэл, хэв хэлбэрүүд, түүний дотор процессын эрх зүйн хөгжлийн чиг хандлагуудын талаар бидэнд зөвлөж, олон сайхан санаа хэлж байсны үрээр онол, арга зүйн хувьд гологдохгүй бүтээл гаргаж чадсандаа би баяртай байна” гэв.



