О.Алтангэрэл: Байгалийн баялагийг сая сая тонноор нь хилээр зөөж гаргачхаад амьдралд нь нөлөөлхгүй байгаад ИРГЭД УУРТАЙ байгаа юм

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл "Сүүлийн 10 жил Монголын ард түмэн, улс орны төсвийг авч явж байгаа Тавантолгойн орд газрын асуудлыг ярих гэхээр Засгийн газар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ тавхан минутын өмнө гараад явчих юм.
Тавантолгойн асуудал ярих гэхээр ирц хүрэхгүй, ямар нэгэн “үл үзэгдэх” гар гэдэг шиг зохицуулалт явдаг. “Ухаа-Худаг” орд дээр ч мөн ажиглагдаад байгаа.
Байгалийн баялагийг сая сая тонноор нь хилээр зөөж гаргачхаад амьдралд нь нөлөөлхгүй байгаад ИРГЭД УУРТАЙ байгаа юм. Нутагт нь очоод уул усыг нь ухаад, талыг там болгочхоод өөрсдөд нь юу ч оногдохгүй байгаад иргэд бухимдаад байгаа юм.
Тавантолгой гэдэг том орд яаж олон хүний гар дамжиж, хэн хэн оролцож, хувьдаа хэдэн төгрөгийн ашиг хийв гэдгийг ярих болсон.
Ухаа худаг"-ийн асуудлаар сонсгол хийхийг дэмжиж өгөхийг хүсье. Байгалийн баялаг хэн нэгний өмч биш.
Хэн нэгэн нүүрсний хулгайчийг баяжуулах гэж Манлай баатар Ж.Дамдинсүрэн гамингийн шоронд босоогоороо үхээгүй юм шүү. Авлигачин түшмэлийн халаасанд мөнгө цутгах гэж Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Лувсанцэрэнгийн Аюуш 21-хэн насандаа Жанчхүүгийн даваанд 12 буудуулж нас бараагүй. Төрд амласан олигархи компанийг баяжуулах гэж Бэгзийн Гиваан 1948 онд Байтагбогдод алуулаагүй юм шүү" гэв.

