УИХ-ын гишүүд АЖЛАА ХИЙХГҮЙ байсан ч ЦАЛИН АВНА
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан пүрэв, баасан гарагийн 10.00 цагаас эхлэн хуралдах хуваарьтай.
Гэтэл долоо хоногт 2-хон удаа хуралддаг чуулган өнөөдөр хуралдахгүй. Өнөөдрийн 10.10 цагийн байдлаар УИХ-ын чуулганы танхим цоожтой байна.
Энэ нь 126 гишүүнтэй Парламентын чуулган хуваарьт цагтаа хуралдаагүй анхны тохиолдол болж буй.
Тэгвэл чуулган хуралдаан хуралдаагүй байгаа шалтгаан нь УИХ-ын байнгын хорооноос Тамхины хяналтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт болгож хойшлуулах санал гаргасан учраас өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаан байхгүй гэв.
Гэхдээ УИХ-ын гишүүд чуулган хуралдах эсэхээс үл хамааран цалин тооцогдож байдаг.
Товчхондоо, жирийн албан хаагч тухайн өдрийн ажлаа хийгээгүй бол ЦАЛИН АВАХГҮЙ, харин УИХ-ын гишүүд АЖЛАА ХИЙХГҮЙ байсан ч ЦАЛИН АВНА. Ийм байж болох уу?
УИХ-ын гишүүний сарын цалин 7 сая төгрөг. Нэмээд үйл ажиллагааны зардал гэж сар бүр 10 гаруй сая төгрөг гишүүн бүр авна. Ингээд ганцхан сард 20 гаруй сая, жилд 200 гаруй сая төгрөгийг нэг УИХ-ын гишүүн татвар төлөгчдийн мөнгөнөөс авч байна. Үүнийг 126 гишүүнээр үржүүлээд үз. Ийм мөнгө авч буй атлаа ажлаа хийх байтугай чуулгандаа суухгүй.









