МАН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа
УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Эдгээр хуулийн төслийг өнгөрсөн лхагва гаригийн чуулганы хуралдаанаар хэлэлцсэн ч санал хураалт явуулаагүй байсан юм. Харин өнөөдөр санал хураалт явуулахад гишүүд Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг дэмжсэн ч хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нь дэмжсэнгүй. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа.
Мөн дараа нь хэлэлцэхээр төлөвлөөд байсан Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс ч нэг хоногийн завсарлага авлаа. Уг хуулийн төслийг Засгийн газар дэмжээгүй юм байна. Үүнтэй холбоотойгоор "Засгийн газрын дэмжээгүй төслийг УИХ-д оруулж ирж хэлэлцүүллээ" гэсэн маргаан үүссэн юм. Энэ нь МАН-ын бүлэг завсарлага авах шалтгаан болов. Ингэснээр үдээс өмнөх чуулганы хуралдаан хэлэлцэх асуудалгүй болж завсарллаа.
Хөдөө аж ахуйн тухай, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн юм.









