П.Наранбаяр: Багш нарын цалинг гурван жилийн хугацаанд шат дараатайгаар нэмнэ
Монголын Боловсрол, Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарын цалинг нэмэгдүүлэхээр УИХ, Засгийн газарт өчигдөр шаардлага хүргүүлсэн.
Боловсролын сайд П.Наранбаяр Сүхбаатарын талбай дээр гарч шаардлагын бичгийг хүлээн авсан юм. Ингэхдээ тэрээр дараах тайлбарыг өглөө.
Боловсролын сайд П.Наранбаяр "Багш нарын тавьж байгаа шаардлагыг бид хүндэтгэн харж байгаа. Цалин нэмэх асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай. Энэ хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулж, багш нарын цалин хөлсийг судлан дүгнэлт гаргасан. Уг санал, тооцоог Засгийн газар болон холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.
Гэхдээ цалин нэмэх ажлыг нэг дор хийх боломжгүй тул гурван жилийн хугацаанд шат дараатайгаар нэмэгдүүлэх хөтөлбөр боловсруулж, Засгийн газар болон УИХ-тай хамтран ажиллахад бэлэн байна. Энэ асуудлыг зөвхөн нэг салбарын хэмжээнд бус, төрийн бодлогын түвшинд авч үзэх учиртай. Учир нь цалин нэмэх шийдвэр нь зөвхөн Боловсролын сайдын хүрээнд шийдэгдэх асуудал биш бөгөөд бусад яам, Засгийн газар, улсын төсөвт тусгах шийдвэр зэргээс шууд хамаардаг" гэв.









