Д.Энхтүвшин: Хэнийг сайдаар томилж, чөлөөлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрх
УИХ-д жагсаалтаар болон анх удаагаа сонгогдсон 30 гишүүн нэгдэн Ерөнхий сайд Г.Занданшатарт хандаж, танхимдаа өмнө нь сайд хийж байсан гишүүдийг дахиж сайдаар битгий оруулаач гэх агуулгатай шаардлага хүргүүлжээ. Мөн тэд шинээр сонгогдсон эмэгтэй гишүүдээс сайдын албанд томилохыг мөн шаарджээ. Зарим нэгэн ажлаа өгсөн сайд нар ч дунд орсон байсан бөгөөд бусдыгаа үлдэхийг зөвшөөрөхгүй гэх хандлагыг гаргажээ.
Тэгвэл УИХ-ын гишүүд Д.Энхтүвшин энэ асуудлаар "Үндсэн хуулийн 39.4-р Ерөнхий сайдад олгосон сайдуудаа өөрөө томилж, чөлөөлж, огцруулах эрхэнд нь УИХ-ын гишүүд ингэж халдаж байгаа нь зохисгүй санагдаж байна. Би лав энэ шаардлагад нэгдэхгүй. Ийм хариуцлагатай үед хуучин, шинэ, эрэгтэй, эмэгтэйгээс үл хамаарч ажил нугалах хүнээ л сайдаар томилох байлгүй дээ" гэсэн байр суурь илэрхийлжээ.









