Д.Амарбаясгалан: Хэвлэл мэдээллийн 30 орчим төлөөлөлтэй уулзалт хийлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Хэвлэл мэдээллийн 30 орчим төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уг уулзалтан дээр ярилцаад УИХ-ын түвшинд "Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг" хэлэлцэх асуудлыг дэмжээд явья гэдэг санал дээр нэгдсэн" гэж гишүүдэд мэдэгдэв.
Тэрбээр, " УИХ-ын гишүүд уг хуулийн төслийг үзэл баримтлал болоод төслийн хүрээнд засаж сайжруулах заалт олон байгаа талаар хэлсэн. Мөн өчигдөр орой хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, МСНЭ-ээс хэвлэлийнхнийг оролцуулсан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулах ёстой гэдэг мэдэгдэл гаргасан. Иймээс өнөөдөр өглөө Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, мөн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нарын хамтаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийж, УИХ ын төвшинд эхлээд хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжээд явъя. Ажлын хэсэг байгуулаад төслийг сайжруулах чиглэлээр ажиллая, мөн хэлэлцүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулж ажиллая. Нэгдсэн шийдэлд хүрсэн тохиолдолд анхны хэлэлцүүлгийг цааш үргэлжлүүлээд явна. Нэгдсэн ойлголцолд хүрээгүй нөхцөлд хэлэлцүүлэг зогсоно” гэлээ.
Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.









