Ц.Сандаг-Очир: Төсвийн мөнгөөр олон арван хуудастай, гоё ганган зурагтай тайлан тарааж байгаа нь шударга бус
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, О.Номинчимэг нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах саналын томъёоллоор санал хураалт явуулав. Санал хураалтад 90 гишүүнээс ороцсоноос 64 гишүүн буюу 71.1 хувь нь дэмжсэнээр дээрх хуулийн төсөл эцэслэн батлагдлаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Цэцийн дүгнэлттэй холбоотой судалж үзэхэд гурван бололцоо байдаг. Зарим улс оронд сонгуулийн жил эхэлснээс нэр дэвшүүлэх хугацаа хүртэл хурал цуглаан бүгдийг нээлттэй орхидог. Манай орны хуулийн зохицуулалт нь хамгийн муу хувилбарыг сонгосон байна гэж цэц дүгнэлтдээ дурьдсан. Учир нь хэвлэмэл материал сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй гэх заалт нь УИХ-ын гишүүд өөрсөддөө давуу байдал үүсгэж байна.
Сонгуульд бүгд ижил гараанаас оролцох, хууль шүүхийн өмнө тэгш байх үндсэн зарчмыг агуулсан энэ хуулийг батлуулна гэдэг амаргүй байлаа.
Давуу байдлыг бий болгосон хуулийн заалтыг хүчингүй болгох зорилгоор энэ хуулийг баталж байгаа нь парламент хүний эрх, эрх чөлөөг дээдэлж байгааг харууллаа. 2028 оны сонгуулиас өмнө УИХ-ын сонгуулийн хуульд байгаа тэгш байдлыг алдагдуулсан заалтуудыг өөрчлөх нь зүйтэй.
Төсвийн мөнгөөр олон арван хуудастай, гоё ганган зурагтай тайлан тарааж байгаа нь шударга бус. Тиймээс хэвлэмэл материал тараахыг л болиулъя гэж байгаа. УИХ-ын гишүүд цахимаар ажлаа тайлагнах нь нээлттэй" гэв.









