Н.Учрал: Х.Баттулгатай нэр холбогддог “Төгрөг нуурын орд“-ыг ярих цаг ирсэн. $250 саяар гадаадын дөрвөн иргэнд зарсан
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Тайлантай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "18 жилийн хугацаанд баялагтаа эзэн болох боломж байсан. Тиймээс хэлэлцээр хийж байгаа. Хэлэлцээр гэдэг бол ширээний ард суугаад санхүүгийн модель дээр түшиглээд Үндсэн хуулийн газрын хэвлийн баялгийн 50+1 заалтыг ард түмэн эзэмших заалтыг хангуулах юм.
Хөдөө орон нутгаар Үндэсний баялгийн сангаа иргэдэд авч ирье гээд төрийн тэргүүн байсан Х.Баттулга яриад явж байна. Үгээрээ биш үйлдлээрээ үзүүлэх хэрэгтэй. Тантай нэр холбогддог "Төгрөг нуурын орд"-ыг бид ярих цаг ирсэн. Тусгай АМНАТ-өөр тооцвол 15 их наяд төгрөг ард түмэнд ирэх байсан Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллароор гадаадын дөрвөн иргэнд зарсан. Хонконгийн сайт дээр байна. Үүнийг хэлэлцэх үү, эсвэл ялгаж аваад хэлэлцээр хийх үү." гэв.









