Э.Батшугар “Appian Capital“ хөрөнгө оруулалтын сангийн үүсгэн байгуулагчтай уулзлаа

2025 оны 3 сарын 27

Arslan.mn

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ИБУИНВУ-д хийж буй айлчлалын үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар /2025.03.20/ Appian capital хөрөнгө оруулалтын сангийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал ноён Майкл B Шербтэй уулзлаа.

Appian capital хөрөнгө оруулалтын сан нь металл болон уул уурхайн олборлох салбар дахь урт хугацааны хөрөнгө оруулалтын тэргүүлэх сан бөгөөд нийт 3.6 тэрбум америк долларын хөрөнгө оруулалтыг удирдаж, 30 орчим төсөлд хөрөнгө оруулалт хийж, 12 уул уурхайн үйл ажиллагааг эхлүүлсэн, хурдацтай өсөж буй, мэргэжлийн сан болохыг гүйцэтгэх захирал Майкл B Шерб танилцууллаа.

Arslan.mn

Тус хөрөнгө оруулалтын сан төслийн техникийн болон үйл ажиллагааны удирдлагын багтай бөгөөд хөрөнгө оруулалтын төслийн бэлтгэл үе шатнаас эхлэн ажилладаг нь бусад компаниас ялгардаг байна. Тус хөрөнгө оруулалтын сан нь 12 жилээс дээш, урт хугацаатай хөрөнгө оруулалт хийдэг. Хөрөнгө оруулалтын 88 мэргэжилтэн, 500 орчим ажилтантай бөгөөд тус компанийн төслүүдийн хүрээнд нийт 11 мянган ажлын байр бий болжээ.

УИХ-ын гишүүн Э.Батшугар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахад гадаадын шууд хөрөнгө оруулалт, ялангуяа хувьцааны хөрөнгө оруулалт чухал болохыг онцолж, уул уурхайн салбар болон сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх өргөн боломж байгаа талаар онцлон танилцууллаа.

Сүүлийн жилүүдэд Оюутолгой, Степ голд зэрэг уул уурхайн төслүүд олон улсын санхүүгийн зах зээлээс амжилттай хөрөнгө оруулалт татан ажиллаж, Монгол Улсын өмнөд бүсэд сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулалт хийж Хятад улсад эрчим хүчний экспорт хийх боломж нээгдэж буйг УИХ-ын гишүүн Э.Батшугар тодотгосон юм.

Мөн Улсын Их Хурлаас ойрын хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх эрх зүйн шинэтгэлийг хийхээр ажиллаж буйг онцоллоо.

Уулзалтын үеэр ноён Майкл B Шерб эрчим хүчний үнэ, тариф, төмөр замын төслүүдийн талаар тодруулж, Монгол Улс, Франц Улсын хооронд ураны гэрээг байгуулсан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэмэгдүүлэх чухал ажил болсныг дурдлаа.

Appian capital хөрөнгө оруулалтын сангийн зүгээс Монгол Улсад хөрөнгө оруулалтын боломжуудыг судлан ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, ойрын хугацаанд өөрийн багийг Монгол Улсад ажиллуулж, хөрөнгө оруулалтын боломжтой уул, уурхайн төслүүдийн талаарх мэдээллийг цуглуулах чиглэлээр ажиллахаар төлөвлөж байгаагаа илэрхийлээд дэмжин, хамтран ажиллахыг хүслээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662401
0 эможи

Э.Батшугар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up