Шинжээч: Хятадын компанитай шууд гэрээ байгуулж угаарын хий мэдрэгч 200ш төхөөрөмжийг 3.5 тэрбум төгрөгөөр худалдан авсан ч стандартын шаардлага хангаагүй
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2025.02.04/ хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголоор “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, хариуцлага” сэдвээр УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, “Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” хэлэлцүүлгийн талаар УИХ-ын Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал нар мэдээлэл хийж, холбогдох ШИНЭЖЭЭЧДИЙН ДҮГНЭЛТИЙГ сонсолоо.
Шинжээчдийн гаргасан тоогоор Монгол Улс 2008-2023 онд нийт 1.7 их наяд төгрөгийг зарцуулсан байна. Үүнд,
- Цэвэр агаар сан болон 2008-2016 онд 365.3 тэрбум төгрөгийг,
- Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахаар 2017-2020 онд 465.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
- Үүн дээр "Тавантолгой түлш" ХХК-д 2021-2023 онд хийсэн аудитаар баталгаажсан дүн, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын 2021-2023 оны аудитын тайлангаас баталгаажсан дүн, Цэвэр агаар төсөл 2021-2023 оны тайлангаар баталгаажсан дүн гэх мэт бусад тоон мэдээллийг нэгтгэсэн байна.
Илэрсэн зөрчил нийт дүнгээр 295.9 тэрбум төгрөгийн 147 алдаа зөрчил гаргасан байна.
Улсын төсөвт эргэн төлүүлэх 1.9 тэрбум төгрөгийн 18 төлбөрийн акт, хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн 101.5 тэрбумын зургаан асуудал, зөрчил арилгуулах таслан зогсоох 143.6 тэрбум төгрөгийг 55 албан шаардлага, ажлын үр нөлөө үр ашгийг сайжруулах, арилгах 48.9 тэрбум төгрөгийн 68 зөвлөмж байна.
Мөн "Тавантолгой түлш" ХХК-ийн санхүүгийн тайлан 2022, 2023 оны гуравдугаар сарын 15-нд хязгаарлалттай дүгнэлт өгч байжээ. Энэ компани 2018-2021 оны санхүүгийн тайлангийн өөрчлөлтгүй байсан бол 2022 оноос санхүүгийн сахилга бат суларсан.
Шинжээч: Илэрсэн зөрчлүүдээс
- 2019 онд Байгаль орчны сайдын тушаалаар Хятадын компанитай шууд гэрээ байгуулж зуухны үнс, тоосонцор шүүх 290 ширхэг шүүлтүүрийг ₮12 тэрбумаар худалдан авсан нь ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ байж болзошгүй байна. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны арванхоёрдугаар сарын 3-ны албан бичгээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
- Хятадын компанитай шууд гэрээ байгуулж угаарын хий мэдрэгч 200 ширхэг төхөөрөмжийг 3.5 тэрбум төгрөгөөр худалдан авсан ч манай улсад мөрдөх стандарт байгаагүй
- 2019 онд Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийн 210 сая төгрөгийн үлдэгдлийг Соёл урлагийн газарт шилжүүлсэн
- "Утаагүй Улаанбаатар" хөтөлбөр нь батлагдаагүй байхад 9.7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
- "Утааг бууруулах" төсвөөс айлуудын хашаа, хаалга засахад ₮116 саяыг зарцуулжээ
ДҮГНЭЛТ:
- Хууль бодлого, шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй
- Үр дүнгийн үнэлгээ хангалтгүй
- Санхүүжилт, зарцуулалтын үр ашиг бага
- Хяналт, үнэлгээний ажил хангалтгүй
- Санхүүгийн зөрчил өндөр эрсдэлтэй түвшинд байна
- Стратеги, төлөвлөлт хангалтгүй
- Иргэдийн оролцоо, мэдээлэл хангалтгүй









