С.Эрдэнэболд: Шахмал түлшийг хамаагүй яривал УЛС ТӨРЧДИЙГ УУРЛУУЛЖ магадгүй гэсэн АЙДАС шинжээчдэд байна
“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимд эхэллээ.
Хэлэлцүүлгүүдийн үеэр судлаачдын танилцуулсан дүгнэлтийн талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд танилцууллаа.
Тэрбээр, "Ажлын хэсэг, ерөнхий сонсголыг зохион байгуулах хүрээнд өнгөрсөн долоо хоногуудад дөрвөн цуврал хэлэлцүүлэг хийсэн. Асуудал дээрээ долгионоо тааруулах, бүтээмжтэй байлгах, үнэнтэй нүүр тулах, бодит заналхийллийг тодорхойлж хариу арга хэмжээ авах хүрээнд ажлын хэсгүүд өөр өөр үүрэгтэй, хөтөлбөртэй ажилласан.
Бид асуудлаа том зургаар нь харах юм бол сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд утаатай тэмцэх байгууллага 8 удаа өөрчлөгдсөн. Үүнээс харахад тухайн асуудлыг шийдвэрлэх эзэн бие, хариуцлагын асуудал асар их зөрчигдсөн байгаа. ЭМЯ утааны асуудлаар тодорхой судалгаа хийе гэхээр төсөв, санхүү муу байдаг гэсэн жишээнүүд байна. Салбар гээд хойш суухгүйгээр маш яаралтай утаатай холбоотой судалгаа хийх шаарлагатай.
Шахмал түлшийг хамаагүй яривал улс төрчдийг уурлуулж магадгүй гэсэн айдас шинжээчдэд байна.
Тийм ч учраас энэ чиглэлээр хийсэн судалгаа дутмаг байна. Үүнээс болж амь хохирсон хүн байгаа ч үүний талаар зоригтой дуугарах хүн алга" гэв.









