С.Эрдэнэболд: Анхны эзэнт гүрний Хүннү нэрийг засаг захиргааны нэгжид оноож өгч яах гэсэн юм
Чуулганы хуралдаанаар Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд "Заавал Хүннү гэж нэрлэх шаардлага байгаа юм уу. Анхны эзэнт гүрний нэрийг засаг захиргааны нэгжид өгч болж байгаа юм уу. Дэлхийн улс орнууд ирээдүй рүү чиглэсэн нэр өгч байна.
Хүннү гэдэг нь хятадаар "хүн зэрлэгүүд" гэсэн агуулгатай байдаг. Хэл зүйн хувьд монголчуудыг дорд үзсэн хэллэгүүд байдаг. Энэ чиглэлээр тайлбар авсан юм уу. Эхнээсээ маргаан дагуулахааргүй байх ёстой. Ач холбогдолгүй маргаан явсаар төслийнхөө ач холбогдлыг бууруулах вий" гэв.
ШУА-ийн эрдэмтэн "Хүннү үеийн ард иргэд өөрсдийгөө хүннү гэж нэрлэж ирсэн. "Нү" гэдэг дуудлагатай ханз үсэг байдаг. Монгол Улсын "Мө" гэдэг ханз ч байдаг шүү дээ. Хүннү гэдэг нэрийг гадаад, дотоодын эрдэмтэд сэргээх гэж их хичээсэн. Хятадаас өгсөн ханзанд ач холбогдол өгөөд байх шаардлагагүй" гэлээ.