О.Алтангэрэл: “Хөрөнгө хураах хууль“-ийг УИХ-д өргөн барихаар боллоо
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас түүхэн шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газар өөрөө гэмт хэрэгтэй тэмцэх ёстой. Энэ үүрэг дотор авлигын гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бас багтана.
Өнгөрсөн жилүүдэд иргэдийн бухимдлыг хамгийн их төрүүлж байсан баялгийн шударга бус хуваарилалт төрийн өндөр албан тушаал хашиж байгаа этгээдүүд баяждаг, хөлждөг, хөрөнгөждөг. Энэ асуудал дээр ард иргэд маш их бухимдалтай байсан.
Нийтийн албан хаагчид хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй бол энэ хуулиар шалгаж, арга хэмжээ авна. Авлигын тухай хуульд шударга бусаар олсон хөрөнгийг хураана гэсэн заалт бий. Гэхдээ энэ заалтыг хэрэгжүүлэх процесс тодорхойгүй байв.
Нийтийн албан тушаалтнуудын хөрөнгийг шалгах, хураах хуультай хамт нийт 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Өндөр албан тушаалтнуудыг хамгийн түрүүнд шалгана. Энэ төсөлтэй хамт маш их эсэргүүцэл ирнэ. Үнэхээр авлига авсан нь тогтоогдвол Эрүүгийн хуулиар шийтгэлээ хүлээнэ. Одоо ч эсэргүүцэл ил далд гарсаар байна. Албаны эрх мэдлээ урвуулаагүй л бол энэ хууль үйлчлэхгүй.
Хууль бус хөрөнгийг хураан авах хуулийн төсөл батлагдвал өнгөрсөн жилүүдэд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг ШАЛГАНА. Өндөр албан тушаалд оччихоод хамаарал бүхий этгээдүүд нь хөрөнгөждөг байдлыг таслан зогсоох ёстой " гэв.