Д.Ганбат: ЗГ-ын гишүүд, дарга нарыг тойрсон хүмүүсийн амьдрал л сайжирч байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүдийн томилгоог хэлэлцэв. Тус хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол зохион байгуулж Б.Саруул, Л.Сонор, Ш.Хандсүрэн нарыг нэр дэвшүүлсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшиж буй гурван хүний анкетыг харлаа. Хувийн хэвшилд ажиллаж байсан хүн байхгүй байна.
Олигтой компани гарч ирэхгүй, ард түмний амьдрал дээшлэхгүй байгаа. Төрийн албаар дамжаад ах дүүгээр орчихдог. Хөдөө орон нутагт малчид хамгийн өндөр хувийн хүүтэй зээл авдаг. Үүнийг мэдэж байгаа юу.
Гадаадуудыг авбал 200-300 мянган ам.доллароор ажиллуулна, бид эх орончид учраас цалин хөлсгүй ажиллана гэдэг.
Цэргийн алба хаасан хүн алга, ярьж байгаа зүйлтэйгээ нийцэхгүй байна. Та нар цалинтай ажилладаг юм уу. Чуулганд үг хэлэх боломж ховорхон тохиох юм. Энэ Засгийн газар хамгийн их эрх мэдэлтэй, удаан ажиллаж байгаа. Гадна хүмүүсийн амьдрал ахуй хүнд, Засгийн газрын гишүүд, дарга нарыг тойрсон хүмүүсийн амьдрал сайжраад байх шиг." гэв.