Г.Лувсанжамц: Томилгооны хэлэлцүүлгийг ингэж явуулмааргүй байна. Энэ хүмүүс чинь Монголбанк, СЗХ-г удирдана шүү дээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд тус тус нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэв.
Эдгээр албан тушаалд нийт 50 гаруй хүн нэр дэвших хүсэлт өгсөн бөгөөд хуулийн шаардлага хангасан 45 хүний материалыг байнгын хороогоор хэлэлцэж байгаа юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "Байнгын хорооны хурал эхлэхээс хоёр минутын өмнө 45 хүний намтар тодорхойлолтыг гишүүдэд өгч байна. Хоёр минутад яаж энэ 45 хүний мэдээлэлтэй танилцах вэ. Томилгооны хэлэлцүүлгийг ингэж явуулмааргүй байна. Ямар ч хүн юм. Хэний ч хүн юм. Энэ хүмүүс чинь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороог удирдана шүү дээ. Танилцуулгыг Байнгын хороо эрт хиймээр байна" гэж шүүмжлэл хэлэв.