Д.Цогтбаатар: “Хуулийг дээдэлдэг байя“ гэж байгаа бол төсвийг нь хангалттай хэмжээнд тавьж өгөх ёстой
2025 оны улсын нэгдсэн төсвийн хоёр дахь хэлэлцүүлэгийг УИХ-ын байнгын хороод хэлэлцэж байна. Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хууль хүчний байгууллага, батлан хамгаалах салбарын төсөвт хийгдсэн өөрчлөлтийг дахин хэлэлцэхээр болж завсарлага авлаа.
Шалтгаан нь байнгын хорооны хуралдааны үеэр нэр бүхий гишүүд боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, хууль сахиулах зэрэг салбарын төсвийг хэт механикаар хасаж танасанд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар "Хууль хяналтын байгууллагын төсвийг хангалттай тавьж өгөх ёстой. Тэр олон томилолтын зардлуудыг хамаагүй хасчихаар жишээ нь хөдөө орон нутагт хүний эрх зөрчигдөөд байгаа асуудлыг газар дээр нь шалгах гэхээр шатахууны мөнгөгүй гээд сууж байж болохгүй биз дээ. Ийм нөхцөл байдал үүсч байгаа учраас хууль хяналтын байгуулагуудын төсвийг Хууль зүйн байнгын хороо эргэж харах ёстой гэж үзэж байна. Хуулийг дээдэлдэг байя гэж байгаа бол төсвийг нь хангалттай хэмжээнд тавьж өгөх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байна." гэв.