Т.Сүхболд: Цагдаагийн байгууллагад 6096 орон тоо ДУТУУ БАЙНА
2025 оны улсын нэгдсэн төсвийн хоёр дахь хэлэлцүүлэгийг УИХ-ын байнгын хороод хэлэлцэж байна. Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдсан бөгөөд харъяа байгууллагуудын ч төсөв танагдаж байгаа.
Тэгвэл цагдаагийн байгууллагад 6096 орон тоо дутуу ч ирэх оны төсөвт 2019 орон тоо нэмэх саналыг Сангийн яаманд хүргүүлжээ.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд "Манайх анх 2019 орон тоо нэмүүлье гэдэг саналаа явуулсан. Энэ нь Сангийн яаман дээр танагдаад 863 орон тоо болсон. Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоолоор бол цагдаагийн байгууллага 6096 орон тоо дутуу байгаа. Ирэх онд 863 орон тоогоо нэмүүлье гэсэн юм. Дутуу орон тоог задлабал хэсгийн төлөөлөгч цагдаа 344, эрүүгийн төлөөлөгч цагдаа 183, хэсгийн байцаагч 226, хүүхдийн байцаагч 234, хэв журмын эргүүл 1422, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий алба хаагч 2588 дутуу байгаа. Энэ тоо бол Засгийн газрын тогтоолд заасан 4000 хүн дутам нэг хэсгийн байцаагч, 50 мянган тутамд нэг хэлтэс байна гэдэг тогтоолоор.
Гэхдээ бид заавал 6096 орон тоо авъя гэж хэлээгүй. Аль болохоор нөхөж ажиллаж байгаа.
Жишээлбэл, 24 хийгээд 72 цаг амрах ёстой алба хаагчаа 48 цаг амраагаад 72 дахь цаг дээр нь дахиад эргүүлд гаргаж байгаа. Замын цагдаа найман цаг ажиллаад 24 цаг амрах ёстой бол 16 цаг амраагаад эргүүлд нь гаргаж байгаа" гэлээ.