Ч.Лодойсамбуу: Иргэдийн машинаа солих эрхийг хааж, түгжрэлээс гарсан хот дэлхийд байхгүй
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ч.Лодойсамбуу "Иргэдийн машинаа солих эрхийг хааж, түгжрэлээс гарсан хот дэлхийд байхгүй.
Хүн нь байхгүй бол асуудал байхгүй гэдэг шиг шинээр машин оруулахаа больчихвол түгжрэхгүй юм байна гэдэг бол шийдэл биш залхуурал, мунаглал. Түгжрэлээс салчихсан том хот гэж байхгүй.
Яаж багасгаж зохицуулсан бэ гэхээр жишээ нь,
- Нийтийн тээврийг төрөлжүүлсэн
- Нийтийн тээврийг хүртээмжтэй, тохь тухтай болгосон.
- Боломжтой улиралд дугуй унах, алхах нөхцлийг бүрдүүлсэн.
- Хотын төвд үнэгүй зогсоолгүй болгосон. Үнэтэй зогсоолд үнэгүй зогсвол торгууль маш өндөр.
- Торгуулиа төрөөс авах үйлчилгээтэй нь холбох замаар заавал авч шийтгэж байна. 6.Сургууль, цэцэрлэгийн үйлчилгээг иргэддээ ойртуулсан байна.
Нийслэлээс агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр танилцуулга хийхээр орлогч дарга нь болоод бусад албаных хүмүүс нь ирсэн. Мэдээллийг хангалттай өгсөнгүй.
Х.Нямбаатар дарга томилолттой гээд ирээгүй. Тийм учраас Х.Нямбаатар даргыг өөрөө биеэрээ байлцаж мэдээлэл өгөх ёстой гэж бүлэг үзлээ.
Ер нь УИХ-аас Нийслэлийн Засаг даргад асуудал хэлээд арга хэмжээ авч чадахаа байсан. УИХ- ын зүгээс тодорхой ажлын санал тавьж байсан. Миний хувьд өмнө нь Х.Нямбаатар даргад явган хүний зам засвартай холбоотой асуудлаар танилцая гэдэг санал тавьж байсан, эрүүл мэндийн чөлөө авсан гэж байсан ч худлаа хэлсэн. Дөнгөж томилогдсон Засаг даргын орлогч явуулчихаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, хийх ажлыг нь асуухаар мэдэхгүй байна." гэв.