ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч М.Алтан-Очир 237 саяын орлоготой, 694 сая төгрөгийн ҮЛ ХӨДЛӨХ хөрөнгөтэй
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилох бөгөөд нэр дэвших хүсэлт, холбогдох материалыг өнгөрсөн сарын 2-23-ны хооронд хүлээн авсан билээ.
Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, нэр дэвших хүсэлт, материалаа ирүүлсэн С.Энхбаатар, М.Алтан-Очир нарыг нэр дэвшигчээр бүртгэв.
Тэгвэл М.Алтан-Очирын товч намтрыг танилцуулж байна.
Түүний хувьд 2022 оны 11 дүгээр сараас ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх албаны хэлтсийн дарга , 2023 оны 3 дугаар сараас ШШГЕГ-ын Сургалтын төвд менежер хийж байгаад 2023 оны 8 дугаар сараас Монголын Төмөр зам ТӨХК-д газрын даргаар тус тус ажиллаж байсан юм.
Тэгвэл ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч М.Алтан-Очирын АТГ-т мэдүүлсэн 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.
Тэрбээр 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “өөрөө 237 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоо 56 сая хэмээн мэдүүлжээ.
Мөн 694 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн 2 орон сууц, 2 авто зогсоол, хашаа байшинтай, 80 сая төгрөгөөр үнэлэгдэх туулах чадвар өндөр Subaru, Outback маркийн машинтай хэмээн мэдүүлжээ.
Мөн 104 сая төгрөгийн үнэ бүхий эзэмших эрхтэй 2, өмчлөх эрхтэй нэг газартай, 75 сая төгрөгөөр үнэлэгдэх /Адуу-53, Үхэр-18, Хонь-45 / малтай, 25 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэжээ.
Түүнчлэн 38 сая төгрөгийн хадгламжтай, 42 сая төгрөгийн зээлтэй байна.
2022-2023 онд Шийдвэр гүйцэтгэх албаны хэлтсийн даргаас "Монголын Төмөр зам" ТӨХ-ийн газрын дарга болсноор М.Алтан-Очирын өөрийн орлого нь 29 сая төгрөгөөс 237 сая төгрөг болж НЭМЭГДЖЭЭ.