Н.Алтанхуяг: Ард түмний амьдралд наалдацтай юм энэ төсвөөс гарахгүй
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас 2025 оны төсөвтэй холбогдуулан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бид асуудлыг судалж байгаа. Хамгийн нэгдүгээрт аймшигтай нэг зүйл бий. Тэр бол МАН, АН, ХҮН намууд бүгд Монгол Улсын төсвийг цэгцэлнэ, төсвийн зарлагыг ингэж их өсгөхгүй гээд байгаа. Одоо ДНБ-д төсвийн зарлагын эзэлж буй хувь 37 хувьтай байна. Сүүлийн хэдэн жил маш өндөр болсон. Энэ нь өндөр болоод ирэхээр яадаг вэ гэхээр бизнес, аж ахуйд төр их оролцож байгаа гэсэн үг. Одоо бараг 40 хувь руу явж байна.
Хувийн хэвшил хаагдана, боогдоно гэсэн үг. Халамжийн хэдэн юм л байгаа. Халамжаар амьдардаг нийгэм байж болохгүй.
Эрчим хүчний салбар үнэхээр дампуурлаа. Манай Засгийн газрын хувьд эрчим хүчнийхээ чадлыг нэмж явсан. Одоо энэ засаг тасалдаг нэг ажил хийгээд байна. Хоёрдугаарт, эрчим хүчний алдагдлыг ард иргэд, аж ахуйн нуруун дээр үүрүүлж болохгүй. Монгол Улсын нийт төвийн эрчим хүчний систем буюу сэргээгдэх эрчим хүч гэж ноцтой юм бий. Нар, салхины станцууд байгаа. Ихэнхдээ гадаадын хөрөнгө оруулалт нэртэй хийгдсэн. Үүнийг эхлээд засах ёстой. Тэр тарифуудыг өөрчлөх ёстой. Шударга болгох ёстой. Хөрөнгө оруулсан нэрээр айл өрх, аж ахуйн нэгжийн төлсөн мөнгөний ихэнхийг цөөхөн аж ахуйн нэгжид өгчихдөг байж болохгүй. " гэв.