Г.Лувсанжамц: Хоёр том чухал хуулийг ТББХ-н дээр хэлэлцэхгүй гээд унагаасан байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн дагалдах төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбоотой хэлэлцүүлэг үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "Төсвийн тухай хуулийг дагаж Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулъя гээд УИХ-д оруулж ирсэн. Гэтэл Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр дээрх хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжихгүй гээд унагасан байна. Эргэлзээ төрж байна.
Манай улс бүсчилсэн хөгжлийн реформ хийнэ гээд 6 бүсээ тэргүүлэх чиглэл болгон зарласан. Эрчимжсэн мал аж ахуй, соёлын өв дагасан олон улсын аялал жуулчлалын бүс гэх мэт экспортыг дэмжих, гаднаас жуулчид оруулж, валют олж төгрөгийн ханшийг чангаруулах ёстой гээд үйлдвэрлэлд зориулсан бүхий л татварыг Гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн мэдүүлсэн.
Шинэ хоршоо хөдөлгөөнөөр хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Үйлдвэрийн тоног төөхөрөмж худалдан авах юм бол малчид давхар орлоготой болоод нийгэм эдийн засгийн хувьд сайжирна. Тийм учраас Байнгын хороогоор дэмжигдээгүй саналыг дэмжээд үйлдвэрлэгч Монголыг бий болгох шийдвэр гаргаж өгөөч гэсэн саналтай байна." гэв.