С.Цэнгүүн: Эгийн голын УЦС-ын төслийг хөдөлгөхөд улс төрийн эр зориг дутаад байна

2024 оны 9 сарын 18

Arslan.mn

“Зууны мэдээ” сонин УИХ-ын гишүүн С.Цэнгүүнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Саяхан Монголд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин айлчиллаа. Та үүний ач холбогдлыг хэрхэн харж байна?

-Халх голын дайнтай холбоотойгоор ОХУ-ын айлчлал таван жилд нэг удаа зохион байгуулагддаг. Энэ удаагийн айлчлалыг Монголоос ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд 2019 онд урилга хүргүүлсэн аж. Энэ нь дайн эхлэхээс өмнө хийсэн хэлэлцээ юм. Үүнтэй холбоотойгоор олон улсад Монголыг буруугаар ойлгох зүйлүүд гарсан. Монгол улс дундыг баримтлах байр суурьтай байгаа. Монгол бол ардчилсан улс. Тиймээс үнэт зүйлдээ үнэнч хэвээр байгаа. Манай улс ОХУ, БНХАУ-ын дунд оршдог. Тиймээс геополитикийн хувьд өөр нөхцөл байдалтай байгаа нь нууц биш. ОХУ-тай бид байнгын хөршийн харилцаа холбоотой байх нь тодорхой зүйл. Гэхдээ энэ нь ардчилсан үзлээсээ ухарч байна гэсэн үг биш. Тиймээс олон улсад нөхцөл байдлаа зөвөөр ойлгуулах шаардлагатай.

-ОХУ-тай хийсэн өмнөх хэлэлцээ, яриа Монголын талд ашиггүй байсан юм билээ. Тиймээс эрх тэгш байхын тулд хэрхэх ёстой гэж харж байна?

-Том улс орнууд манайхтай ямар нэгэн гэрээ хэлцэл хийхдээ давуу эрхээр хандахыг хичээдэг. Энэ байдал ОХУ-тай хийсэн гэрээнүүдэд бодитоор харагддаг. Цаашид хийх хэлэлцээ дээр Монгол Улсын эрх ашиг хангагдах ёстой гэдэг хатуу байр суурийг бид баримтлах хэрэгтэй. Хэлэлцээр хийх түвшинд очихдоо Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, хангагдахгүй байгаа тохиолдолд татгалзах нь зүйн хэрэг.

-Та эрчим хүчний салбарт нэлээд анхаарч байгаа. Тиймээс эрчим хүчний салбарт ямар бодлого баримталбал зохистой вэ?

-Иргэдийн дунд нэг ойлголт байдаг нь цахилгааны үнэ нэмэгдвэл бүх зүйлийн үнэ дагаад өснө гэж эсэргүүцдэг. Улсаас цахилгаан, дулааныг халамж гэж үздэг. Үнэндээ энэ нь өдөр тутмын хэрэглээ. Эрчим хүчний хамгийн чухал зүйл нь найдвартай, тогтвортой ажиллагаа юм. Халамж хэлбэрээр ойлгоод шинэ эх үүсвэр барьж чадахгүй байдалд бид байна. Үеийн үед улс төрждөг байсан энэ асуудлыг шийдэх боломж нь тохиож байгаа нь сайшаалтай. Тиймээс эрчим хүчний үнийн тухай асуудал ярьж байгаа. Нэг өрхийн цахилгааны тариф нь үйлдвэрлэж байгаа өртөгтэйгөө дүйцдэггүй. Үүнийг бид өртөгт нь хүргэх ёстой. Яагаад үнэтэй холбоотой асуудал гарч ирсэн гэхээр бид дотооддоо хэрэгцээгээ бүрэн хангадаг эрчим хүчний үүсвэртэй байхын тулд хөрөнгө оруулагч хэрэгтэй. Алдагдалтай салбарт хөрөнгө оруулалт орж ирэх боломжгүй. Шинэ хөрөнгө оруулалтыг шийдэхийн тулд өртгийн асуудлаа шийдэх шаардлагатай юм. Тухайлбал, бид өнгөрсөн өвөл 3-4 цагаар тогоо таслуулсан. Мөнгийг нь төлсөн ч тог цахилгаан авах боломжгүй нөхцөлтэй Монгол Улс нүүр тулж байна. Энэ бол социалист Хойд Солонгос, Венесуэл гэх мэт хэтэрхий популист аргаар цахилгааны үнийг хямд байлгасан улсуудад тохиолддог хямрал юм. Тухайлбал, нэг суманд үйлдвэр бариад ажиллая гэж бодоход цахилгаан байхгүй бол асуудалтай. Иймд хаалттай замаасаа гарахын тулд энэхүү либералчлалыг заавал хийх ёстой. Мэдээж ямар нэгэн либералчлалыг хийхэд 2-3 жилдээ амаргүй байна. Гэхдээ үүнийг даваад гарахаас өөр аргагүй. Үр хүүхдээ хөгжил дүүрэн хотод амьдруулахыг хүсэж байгаа бол өөрчлөлтийг заавал хийх ёстой. Одоо хийхгүй бол миний ирээдүй болсон хойч үе том золиосоор төлөх нөхцөл үүснэ.

-Цахилгааны тариф нэмэгдэнэ гэсэнд иргэд бухимдалтай байсан. Энэ нь хэр нийцтэй шийдвэр вэ?

-Эрчим хүчний дэд хороо байгуулагдсан. Үүнд гурван намаас тус бүр хоёр гишүүний төлөөлөл оролцоод бодлогоо тодорхойлоод ажиллаж байна.Үнэ тарифаа нэмэгдүүлж, өртөгт ойртуулахыг хичээж байна. Үүнд хэд хэдэн арга бий. Нэг дор бүтнээр нь буюу өндөр хувиар нэмэх. Эсвэл үе шаттайгаар тохируулга хийж нэмж болно. Бид үе шаттайгаар нэмэх аргачлалыг баримтална. Энэ нь иргэдийн нуруун дээр ирж байгаа дарамтыг багасгах зорилготой. Нөгөө талдаа шинээр орж ирж буй төслүүдээ хөдөлгөхөд нөлөөтэй.

-Тог цахилгаанаас гадна усан цахилгаан станцын асуудлыг хэрхэх ёстой вэ?

-Манай улсын эрчим хүчний тусгаар тогтнол төдийгүй цэвэр усны нөөцөд УЦС чухал үүрэгтэй. Эгийн голын усан цахилгаан станц 315 квт. Хэрэв бид Эгийн голын усан цахилгаан станцаа ашиглалтад оруулбал маш том тохируулгын станцтай болох юм. Нөгөө талдаа Хөвсгөл нуураас эх авч байгаа цэнгэг устай Эгийн голоо түшиглэж усан цахилгаан станц босговол цэвэр усны нөөцөө бид бүрдүүлнэ. Энэ төсөл гацсан нь ОХУ-тай холбоотой байсан. Эгийн голын усан цахилгаан станцыг үе үеийн улс төрчид хөдөлгөх гэж үзсэн. УИХ гишүүн асан Д.Одхүү энэ төслийг ахлаад төслийг бүхэлд нь хөдөлгөхөд бэлэн болгосон. Сүүлийн 10 жил энэ төслийг хөдөлгөхийн төлөө энэ хүн ажиллаж байгаа юм билээ. Харин одоо бэлэн болсон энэ төсөл дээр миний бодлоор улс төрийн зориг дутаад байгаа гэж хардаг. Магадгүй энэ төслөө эхлүүлбэл ОХУ-д таалагдахгүй, зөвшөөрөл авах ёстой гэсэн байдлаар өмнө бид хандаж ирсэн. Эрчим хүчний шинэ эх үүсвэр барих нь зайлшгүй гэдэг бодит үнэн. Аль нэг талдаа шийдвэрээ гаргаад явах хэрэгтэй. Тухайн шийдвэрийг гаргахдаа Монгол Улсын эрх ашгийг бодож алхам хийх хэрэгтэй.

-Та ямар байнгын хороонд ажиллаж байгаа вэ?

-Би Эдийн засгийн болон Инновац цахим хөгжлийн байнгын хороонд байгаа. Бид цахимжуулалт хийж л авлигатай тэмцэнэ. Бүх зүйл ил тод болоод ирэхээр ямар нэгэн албан тушаалтнаас хамааралгүйгээр ажил урагшилна.

-Гишүүдийн ажил цаг зав багатай, хариуцлагатай. Тиймээс тулгарч байгаа асуудал юу байна?

-Ээлжит бус чуулганы үеэр олон асуудлууд нэг дор богино хугацаанд хэлэлцүүлэх хугацаагүй орж ирсэн. Ирэх сараас намрын чуулган эхлэхээр тэр байдал өөрчлөгдөнө гэж бодож байна. Аль асуудал дээр үйл явцыг дөтлөөд, хаана нь дөтлөхгүй байгаа нь ойлгомжгүй санагдсан. Зарим хуулийг хурдтай хэлэлцдэг. Заримыг нь удаан хугацааны турш тоодоггүй юм байна гэж ажигласан.

-Таны ажигласнаар ямар хуулийг хурдан хугацаанд шийдэх алхам хийж байна вэ?

-Төсөв болон төрийн худалдан авалттай холбоотой хуулиудын шинэчлэлтийг хурдан хийж байна. Бараг үзэж танилцаж амжаагүй байхад явуулах гэж байх жишээтэй. Хэдий парламент шинээр бүрдсэн ч гэсэн хүчтэйгээр сөрөг хүчний байр суурь илэрхийлж танилцах шаардлагатай гэж дүгнэлт гаргасан. 126 гишүүнтэй парламент илүү эрүүлжжээ гэж бодогдсон.

-Монгол Улс түүхэндээ 128 гишүүнтэй болсон. Эмэгтэй гишүүдийн оролцоог хэрхэн харж байна?

-УИХ-д эмэгтэй гишүүдийн квотыг 30 хувьд хүргэхтэй холбоотойгоор энэ жил хамгийн олон эмэгтэй гишүүн сонгогдлоо. Манай эмэгтэй гишүүд хоорондоо танилцаж, уулзсан. Өмнө нь УИХ-д сонгогдож байсан гишүүд бидэнд үнэ цэнтэй зөвлөгөө өгсөн. Тухайн уулзалт их таалагдсан. Нэг анхаарах зүйл ажиглагдсан. Тухайлбал, эрэгтэй гишүүд тусдаа уулзалт хийдэггүй. Эмэгтэй гишүүд гээд өөрсдийгөө бид тусгайлаад байж болохгүй. Ингэх тусам улам ялгаа гарна. Тиймээс бид эмэгтэй гэж тодотгохгүйгээр УИХ-ын гишүүн гэх ёстой. Эмэгтэй, эрэгтэй хүний ярьдаг сэдэв гэж тусдаа байхгүй. Эмэгтэй хүн ийм асуудал ярина эсвэл нийгмийн асуудалд эмэгтэй хүн дуугар гэдэг зүйл утгагүй. Хүүхдийн тухай асуудалд эрэгтэй гишүүд ч дуугарч болно. Тэр хүмүүс хүүхдийн аав, өрхийн тэргүүн. Нийгмийн ялгаатай байдлыг энэ хандлагаасаа эхлээд бид өөрчлөх ёстой.

-Төрд түмнээ төлөөлж буй гишүүний хувьд сонгогдсон дөрвөн жилдээ өөр ямар асуудалд анхаарах вэ?

-Монголчууд бид чөлөөт зах зээлээ хамгаалах ёстой. Ардчилсан нийгмийн суурь нь чөлөөт зах зээл, эдийн засаг. Бизнес эрхэлж байгаа хүмүүс төрөөс хамааралгүйгээр өөрийн амьдралаа аваад явна гэсэн үзэл баримтлал нь гайхамшигтай. Энэ хүмүүст орон зай үүсгэхийн тулд бизнесийн орчныг сайжруулах нь УИХ гишүүний үүрэг. Монголд компани байгуулах амархан боловч дампууруулах хэцүү. Орох болон гарах гарц байж бизнесийн орчин өөрчлөгдөнө. Үүнтэй холбоотойгоор дампуурлын тухай хуульд өөрчлөлт оруулахыг хичээж ажиллана. Зарим хүмүүс төрийн бус байгууллага, компани байгуулсан атал үйл ажиллагаа явуулдаггүй. Гэхдээ татан буулгаж болдоггүй. Энэ байдал нь хүндрэлтэй. Нөгөө талдаа үйл ажиллагаа явуулж байгаад өөрөөс нь хамааралтай болон хамааралгүйгээр олон шалтгааны улмаас дампуурсан тохиолдлууд байдаг. Тухайн компани татан буугдах өргөдлөө өгөхөд татвар дээр өртэй. Логикоор бодоод үзэхээр татварт өргүй компани татан буугдах гээд явахгүй нь тодорхой. Иймд хуульдаа энэ зохицуулалтыг зөвөөр тусгах шаардлагатай байгаа. Хүн бизнес хийснийхээ төлөө ялтан болох ёсгүй шүү дээ. Бизнес хийж байгаа хүмүүс хамгийн хөдөлмөрч, бүтээлч байдаг. Гэтэл манай улс бизнесийн салбараа хааж боогоод байж болохгүй. Хамгийн бүтээлч хүмүүсээ юу ч хийх эрхгүй болгох нь буруу. Бизнесийн эрх чөлөөг хангахын тулд дампуурлын тухайн хуулийг ойлгомжтой, бодит амьдрал дээр хэрэгждэг болгох ёстой. Дампуурал гэхээр хүмүүс муугаар хүлээж авдаг. Үйл ажиллагаа явуулахад санаатайгаар бус үйл ажиллагаа нь доголдох зүйлүүд их. Өнөөдөр старт апп компани байгууллаа гэхэд 50 сая төгрөгийн борлуулалт хийгээд татварын дарамтад орж байна. Ийм нөхцөлд хэн ч бизнес хийж, зоригтой алхам хүсэлгүй болно. Хялбараар нь төрийн албанд ажиллая, асуудалд орохгүй гэж бодно. Ингэхээр төр эрх мэдэлтэй болно, татвар өндөр болно. Бүтээмжгүй Монгол Улс хуучин байдлаараа үлдэнэ гэсэн үг. Дампуурлын тухай хуулиар бизнесийн эргэлтийг бий болгоно.

-Та Z үеийн төлөөлөл шүү дээ. Тиймээс залуучууд танаас хүлээлттэй байж мэднэ. Тэдний төлөө юу хийх вэ?

-Сүүлийн үеийн хүмүүсийг нас насаар нь ангилсан бодлогууд гараад байна. Энэ нь зүүний намын хийдэг ажил. Хүмүүст ялгавартай байдлаар ханддаг. Харин баруун төвийн үзэл баримтлалтай АН хүнийг хэдэн ч настай байсан хүний эрх адил байх ёстой. Залуучууд гэлтгүй бүхий л насныхан Монгол Улсад сайхан амьдрах ёстой. Аль ч насны хүнд асуудал байгаа. Тиймээс макро эдийн засгаа сайжруулах ёстой. Төр оролцохгүйгээр хүмүүс өөрсдийн сонголтоор ажил хөдөлмөр эрхлээд өмчтэй болж болдог болоод ирэх юм бол хүн өөрийн асуудлаа шийдээд явна. Залуу хүмүүс хүсэл тэмүүллээр дүүрэн байгаа. Тэр хүмүүсийн хийж байгаа зүйлд төр оролцдог, хориг тавьдгаа болих хэрэгтэй.

-Залуус гадагшаа явахыг илүүд үздэг болжээ. Ер эх орондоо сайхан амьдрах орчин нөхцөл дутагдаад байх шиг?

-Манай залуучууд өндөр боловсролтой болсон. Өмнө гадагшаа гарч хар ажил хийж амьдарна гэсэн ойлголттой байлаа. Харин сүүлийн үеийн залуучууд мэдлэгтэй болжээ. Интернэтээр ажлаа олж байх жишээтэй. Гадагшаа гарч ажиллах менежер, удирдах албан тушаалд томилогдож байна. Тухайн нэг улсад компани нээгээд явж байгаа ч залуус бий. Чадварлаг залуусаа эх орондоо ажиллуулахын тулд манай улс өрсөлдөх чадвартай байх ёстой. Энд амьдрахад бүх зүйл нь нийцтэй байвал гадагшаа явахыг хүсэхгүй. Нөгөөтээгүүр Монголд олон боломж байдаг. Мэдээж асуудал байгаа нь боломж. Хийж бүтээх хүсэл тэмүүл байгаа хүмүүс хэр баргийн зүйлд гадагшаа явна гэж бодохгүй. Үр хүүхдээ бодож утаагүй цэвэр орчин, боловсролд анхаарч өөр улсад амьдруулахыг боддог байж мэднэ. Үнэхээр гадагшаа явж амьдрах бодолтой хүмүүс байвал явах нь зөв. Очоод амьдраад ямар байгааг нь биеэрээ мэдрэх нь зөв байх. Яг үнэндээ гадаадад байгаа хүмүүс өвдөх эрхгүй яваа. Харин эндээ үлдэх сонголт хийсэн хүмүүс өмнөх үеийн алдааг битгий давтаасай. Танил талаараа тендер авдаг. Үүнийгээ сэргэлэн, мундаг авхаалжтай гэж үздэг. Ийм байдлаа бид болих хэрэгтэй. Монголыг жинхэнээсээ хөгжүүлье, орчноо өөрчилье гэж шийдвэл эндээ үлдэх хэрэгтэй, гэхдээ хэн нэгэнд гомдоллохгүйгээр.

-Бүх цаг үед эрэгтэй гишүүд улс төрд олонх болсон байдаг. Төрд эмэгтэй гишүүн байхын давуу тал юу вэ?

-Одоогоор давуу тал гээд онцлох зүйл ажиглагдахгүй байна. Байгалийн онцлогоороо эмэгтэй хүн хариуцлагатай. Тиймдээ ч бизнесийн салбарт эмэгтэй хүмүүс гүйцэтгэх захирлаар ажиглагддаг. Улс төрийн хувьд ч гэсэн нэг ажлыг гараасаа гаргах тал дээр хариуцлагатай байж мэдэх юм.

-Танд олон сонголт байсан нь тодорхой. Улс төрийг сонгох шалтгаан юу байв?

-Би зөвхөн өөрийгөө бодоод хувиа хичээгээд хувийн компанидаа явж болох байсан. Эсвэл найзуудтайгаа уулзахаараа улс, нийгэм ийм байх ёстой гээд яриад суугаад байж болно. Мөн дотроо бодоод эл гаргахгүй амьдарч болно. Өөрчлөлтийн төлөө улс төр рүү зориглоод орж ирэхээр олон нийт юу гэж хүлээж авах бол, хүмүүсийн өмнө амьдрах ямар ч хэрэгтэй юм гэж бодоод олон хүн өөрийгөө татдаг. Тиймээс би хүн үзэл бодлоо илэрхийлээд явж болдог гэж үлгэрлэхийг хүссэн. Надаас үлгэрлээд дараагийн хүмүүс орох зориг авна. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэсэн үг бий. Энэ үгнээс болоод залуус улс төрд идэвх муутай байдаг. УИХ-д мундаг хүн гэхээсээ илүүтэй иргэдийн төлөөлөл байх ёстой. Манай улсын хүн амын ихэнх хувь нь залуучууд. Манай хүн амын 1/3 дангаараа залуучууд бүрдүүлдэг. Залуу хүмүүсийн үг, үзэл бодол байж нийгмийн толь бий болно. Тэр ч утгаараа бид өөрсдийгөө голохгүйгээр хүчтэй байх ёстой. Өөрийн амьдралаа болгоод явж болох ч 20 жилийн дараа эргээд хараад тухайн үед яагаад өөрчлөөгүй юм бол гэж бодно. Иймд залуусын оролцоо маш чухал байна.

-Таныг тангараг өргөх үеэр цахим орчинд хүмүүс өөрсдийн үзэл бодлоо дүгнэж байсан. Олны өмнө ил гарах ямар байна?

-Хүн бүрд таалагдах боломжгүй, иймд үзэл бодолдоо л үнэнч байх нь зүйтэй гэж бодож байна. Хүнд таалагдах гоё зүйл яриад, цахим орчинд хандалт их авна гэхээсээ илүү дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажилтай байхыг л хүсэж байна.

-Намд ажиллаад явах, улс төрд ороод ажиллах хоёр их ялгаатай байх?

-Их ялгаатай. Хүн өөрийн үг, биеийн хэлэмжийг анхаарах шаардлагатай тулгарна. Учир нь өмнө нь хувь хүний зүгээс аливаад хандаж болдог байсан. Одоо энэ байдал болохгүй. Хүмүүс УИХ гишүүн гэсэн дүгнэлтээр харж байгаа болохоор хариуцлагатай байх ёстой гэсэн хайрцаганд өөрийн эрхгүй орох талтай байна. Олон нийт амархан зүйлийг яагаад хийдэггүй юм гэж шүүмжилдэг. Дотор нь ороод ажиллахаар төвөгтэй асуудлууд олон. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргах процесс олон зүйлээс хамаарна. Ямар нэгэн үр дүнд хүрэх гэж байгаа бол нөгөө зүйлээ гээх ёстой болох үе олон тохиолддог аж. Аливааг бүтээх гэж байгаа бол зарим тохиолдолд чимээгүй байх, эсвэл бүр илүү олны анхааралд оруулж ярина. Энэ бүгдийг зохицуулна гэдэг улс төрчийн амьдралын нэг хэсэг.

-Хүмүүс улс төрд орж ажиллана гэхээр мөнгөтэй эсвэл танил талтай байх ёстой гэж ойлгодог шүү дээ?

-Пропорциональ системийн давуу тал гарч ирлээ. Өмнө нь тойрогт нэр дэвшихэд хуулиараа их хэмжээний мөнгө гаргах шаардлагатай байсан. Үүнийг залуучуудын хувьд байх боломжгүй зүйл. Намын листээр жагсаалтаар гарч ирэхийн нэг давуу тал нь олон талт тусгалыг гаргаж ирэх боломж өгсөн. Надад том давуу тал гарч ирж жагсаалтад оруулсан. Эмэгтэй хүмүүс сонгогдох давуу тал ч мөн байлаа. Нэг талаараа залуучуудын дуу хоолой хэрэгтэй гэсэн өнцөг байсан нь мөн л давуу тал болсон. Манай намд харин Ардчиллын цаг үеийн давлагаа тохиолоо. Энэ нь АН шинэчлэгдэж байгаагийн дохио. Залуучуудын төлөөлөл байх ёстой гэсэн утгаараа би багтсан. Энэ талаасаа бодохоор би нам дээрээ ч анхаарч ажиллах шаардлагатай. Манай намын шинэчлэгдэх процесс одоо ид явагдаж байгаа. Энэ явцад олон сайхан залуучууд өнгө нэмж элслээ. Нам гэхээр хуучны үзэл сурталтай таагүй газар биш. Маш сайхан институтлэг хүрээлэлтэй орчин гэдгийг бэхжүүлэхээр зорьж байна.

-АН УИХ-д ямар үүрэгтэй ажиллах вэ?

-Нэг талдаа бид сөрөг хүчин болж хийсэн ажлыг нь шүүмжлээд явах боломжтой байсан. Гэхдээ цаг хугацаа алдахгүй, баруун төвийн үзэл баримтлалаар бодлого тодорхойлж томоохон реформуудад оролцоно гэж шийдсэн. Энэ нь засагтай хамтарсан тайлбар юм. Нөгөө талдаа манай намаас 42 гишүүн УИХ-д бий. Эдгээр гишүүд гүйцэтгэх засаглалдаа хяналтаа тавиад явна. УИХ, гүйцэтгэх засаглалд хяналт тавих үүрэгтэй. Тэр утгаараа манай гишүүд хяналтаа тавиад явах чадамжтай төдийгүй энэ ажлаа ч сайн хийж чадна гэдэгт итгэлтэй байна. 

-Лобби бүлэг гэхээр мафи гэж ойлгодог. Лобби гэдэг ойлголтыг тайлбарлахгүй юу?

-Манайд лоббигийн тухай хууль байхгүй учраас тэгж ойлгогддог байх. Бид аливаа асуудалд дэмжлэг үзүүлэх албан бус бүлэг гэж нэрлэж байгаа. Тухайлбал, эрчим хүчний асуудал дээр дэмжих бүлгийг байгуулсан. Би ахалж байгаа. Энэ хуультай холбоотой орж ирсэн зүйлүүдийг гишүүддээ таниулах, тэдний үзэл бодол саналыг нэмж оруулахад чиглэж ажиллана. Илүү далайцтайгаар хуулийн шинэчлэлийн талаар гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх, санал санаачилгуудыг цаг алдалгүй авахын тулд энэхүү ажлыг хийж байгаа хэрэг юм.

 

Баатарын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
658953
1 эможи

Зочин
2024-11-02 23:24
Хүнээ олж асуугаач энэний мэддэг юм гэж юу байсан. Энийг битгий гаргаад бай уос орны ажлыг энэ муу очиж очиж мэдлээ юу матар хүүхэн
keyboard_arrow_up