МАН-ын гишүүд төсвийн тодотгол дээр нэгдсэн байр сууринд хүрээгүй тул завсарлагыг 1 хоногоор СУНГАЛАА
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан эхэллээ. Өнөөдөр энэ оны улсын төсвийн тодотголыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Монгол Улсын 2024 оны улсын төсөв, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл гэх мэт өргөн мэдүүлсэн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт УИХ хийсэн. Энэ долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар дахин нэг өдрийн завсарлага хүслээ. Тэрээр өнгөрсөн баасан гарагт нэг өдрийн завсарлага авч, завсарлагын хугацаа өнөөдөр дууссан юм. Төсвийн тодотгол, тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд намын гишүүд байр сууриа нэгтгэх шаардлагатай гэсэн тул завсарлагыг нэг өдөр сунгав. Ингэснээр 2024 оны улсын төсвийн тодотгол болон Төр, орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслүүдийг УИХ маргааш 11.00 цагт хэлэлцэх боллоо.