Сангийн сайд Б.Жавхлан: Зарим тендерт аж ахуйн нэгжүүд орж ирдэггүй
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2024.08.19/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.
УИХ-ын гишүүд 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Төсвийн төслийн талаарх илтгэл, тухайн төсөл Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23.1-д заасан шаардлагыг хангасан эсэх талаарх төрийн аудитын төв байгууллагын дүгнэлт, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн юм.
Энэ өдрийн хуралдаанаар хуулийн төсөл нь Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учир төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн явуулав.
УИХ-ын гишүүд 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж дууссан гэдгийг хуралдаан даргалагч тодотгоод, хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Ёс зүй, дэгийн байнгын хороонд шилжүүллээ.
Мөн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэв.
УИХ-ын гишүүд 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцсан.
Үндсэн хуулийн цэц 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Дунд суудлын хуралдаанаа хийж, Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор хүнийг түр саатуулах хугацааг 6 цаг хүртэл байхаар заасан ч тус зүйлийн 26.2 дахь хэсэгт уг хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцохоор зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч … баривчлах, хорих, … эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. …” гэж, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж тус тус заасныг зөрчсөн гэж дүгнэсэн юм.
Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус Байнгын хорооны саналыг дэмжин, Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.
Мөн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. /Танилцуулгыг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү/
Төсвийн байнгын хороо хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батжаргал танилцуулсны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Хуулийн төслийг харахад томоохон төслүүдийг инженерийн тооцоотой нь, ТЭЗҮ-тэй нь, зураг төсөлтэй нь, барилга угсралттай нь, туршилт, тохируулгатай нь гээд бүх ажлыг нэг компани гүйцэтгэхээр өгөх нь гэж харагдаад байна. Монгол Улсад энэ бүх ажлыг бүгдийг нь хийдэг компани ховор. Ингэвэл дотоодын компаниуд зах зээлээс шахагдах юм шиг санагдаж байна. Монгол компаниуд хийж чаддаг ажлаа сүүлийн үед бараг авч чадахаа больж, томоохон ажлыг гадны компаниуд авдаг байдал ажиглагдаж байгаа хэмээсэн.
Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул, Томоохон мега төслүүдийг гурван үе шаттай хэрэгжүүлнэ. Эхнийх нь Ерөнхий ТЭЗҮ боловсруулах. ТЭЗҮ-нд үндэслэн инженерийн тооцоо, зураг төсөв, барилгын ажлыг хийх гэрээ байгуулагдана. Хуулийн төсөлд дээр дурдсан гурван гэрээг хоорондоо уялдаа холбоогүй, харилцан хамааралгүй хүнээр гүйцэтгүүлэх зохицуулалтыг тусгасан байгаа. Барилгын ажлын гүйцэтгэгчид нь хяналт тавих этгээд барилгын ажил гүйцэтгэгчээсээ хараат бусаар үйл ажиллагаа явуулна. ТЭЗҮ хийсэн этгээд нөгөө гүйцэтгэгчидтэйгээ харилцан хамааралгүй байхаар хуулиар зохицуулахаар тусгасан. Нэг этгээд том төслүүдийг аваад шууд хэрэгжүүлнэ гэсэн зохицуулалт байхгүй. Бүр тодруулбал, томоохон төслийг гурваас доошгүй этгээд хуваан хэрэгжүүлэхээр байгаа гэсэн хариулт өгсөн юм.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд, “Тендер шалгаруулалтыг тухайн аргаар хоёроос доошгүй удаа зарлахад нэг ч тендер ирээгүй бол төрийн болон орон нутгийн өмчит, эсвэл өмчийн оролцоотой хуулийн этгээдээр тухайн худалдан авах бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгүүлж болно” гэж тусгасан байна. Хэрвээ хувийн хэвшлээс тендерт санал ирүүлээгүй бол төрийн өмчит компани ашиггүй ч байсан хийж гүйцэтгэнэ гэсэн үг үү. Бид төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулъя, ашгийн төлөө байх ёстой, менежментийг нь шинэчилье гэж зорьж байгаа. Энэхүү заалт үүнтэй зөрчилдөхгүй юу хэмээн асуусан.
Сангийн сайд Б.Жавхлан, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуульд орж байгаа өөрчлөлтөөр төрийн өмчит компанийг хувийн хэвшилтэй өрсөлдүүлэх гэж байгаа юм биш. Төсвийн орон зай, нэг төгрөг болгон үнэтэй. Төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй төсөл сайн гүйцэтгэлтэй байснаар үр дүн гарах учиртай. Зарим тендерт аж ахуйн нэгжүүд орж ирдэггүй. Зарим нь ажлыг гүйцэтгэж дийлэхгүй байдаг бол зарим нь төсөвт өртөг нь бага учир алдагдалд орох эрсдэлтэй гэж үзэн тендерт оролцдоггүй. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд цэцэрлэг барих тендерийг хэд хэдэн удаа зарласан ч оролцох аж ахуйн нэгж гарч ирээгүй. Ийм тохиолдолд орон нутгийн болон төрийн өмчит компаниуд эдийн засгийн ашиггүй ч, ажилчдынхаа цалинг тавиад явж болохоор байна гэж үзэн тэрхүү ажлыг авч гүйцэтгэх тохиолдол байдаг. Түүнээс биш төрийн өмчит аж ахуйн нэгжийг хүчээр тулгаж ажил гүйцэтгүүлдэггүй. Дэд бүтцийн чиглэлийн жижиг тендер зарлахад аж ахуйн нэгжүүд орж ирдэггүй. Гэтэл хуулиараа нийслэлийн өөрийнх нь тусгай зөвшөөрөлтэй компаниуд нь хийх боломжгүй байх жишээтэй. Хоёр удаа тендер зарлахад хагас жилийн хугацаа алдаж байгаа юм. Тийм учраас энэхүү заалтыг хуулийн төсөлд оруулж байгаа. Түүнээс биш хувийн аж ахуйн нэгжүүд тендерт оролцож байхад төрийн компани орж ирээд ажлыг нь булаацалдах асуудал байхгүй гэж хариулсан юм.
УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Мөн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталснаар хуралдаан өндөрлөсөн. Уг тогтоолоор УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, О.Амгаланбаатарыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Х.Тэмүүжинг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж, УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны, О.Амгаланбаатар, Х.Тэмүүжин нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр тус тус баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.