Г.Дамдинням VS Л.Оюун-Эрдэнэ
УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГ-ын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулсан бөгөөд гишүүдийн асуултад хариулж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням " Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбарт Дархан арьс ширний цогцолбор гэх үг, үсэг байхгүй болчихжээ. Өнгөрсөн хоёр парламент дарааллан малчдынхаа ахуй амьдралыг дээшлүүлэх, малын гаралтай бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх, жалгаар нэг хаягдаж байгаа малын арьс шир, түүхий эдийг боловсруулах талаар сонгуулийн турш ярьж байгаад орж ирсэн. Тиймээс яагаад энэ төслийг тусгаагүй вэ. Хэрэгжүүлэх юм уу, үгүй юм уу. Өнгөрсөн хугацаанд очоогүй дарга, нээлт хийгээгүй үйл ажиллагаагүй ховор шүү дээ?" гэв.
Хариуд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Дарханы арьс ширний цогцолбороор олон жил улс төржөөд урагшлахгүй байгаа учраас заавал Дарханд баригдах шаардлагагүй гэж үзсэн. Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс болгох шаардлагатай гэж үзсэн. Мөн бүс бүрт арьс шир боловсруулах үйлдвэр барих шаардлагатай гэж үзсэн. Тиймээс энэ бол сонголт. Төслийг дэмжихгүй байгаа орон нутгийнхныг гуйхгүй. Найман жилийн турш улстөржинө гэдэг их цаг хугацаа. Тухайн газар нутгийн онцлог, тээвэр логистикийн асуудал гээд олон асуудлууд дагаж яригддаг. Тиймээс дахин улстөржиж гацаасай гэж хүсэхгүй байна. Тиймээс Дархан, Хангайн бүсэд аль нэг газарт баригдах эсвэл бүсүүдэд баригдах нь зүйтэй гэж үзсэн." гэв.