УИХ-ын дарга Г.Занданшатар хүн биш хууль засаглах төрийг тогтоохын тулд боломж бүрээ ашиглаж хяналтын сонсголыг эхлүүллээ

2024 оны 5 сарын 30

Arslan.mn

УИХ-ын Хяналт шалгалтын  тухай хуулийн дагуу ашигт малтмалын лиценз олголт, татвар, төлбөртэй холбоотой асуудлыг сөхсөн нээлттэй сонсгол эхэллээ.

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр  газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээх, байгалийн баялгийг ашигласнаас олох орлого, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтоох талаар заасан.

Энэхүү заалтын дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газар санаачлан, УИХ-аар хэлэлцэн саяхан баталсан. Хууль батлагдсанаар монгол хүн монгол газартаа, Монголын баялагтаа эзэн байх боломж бүрдэж байна. Тэгэхээр энэхүү хуулиа хэрэгжүүлэх, ард түмний өмч  болох баялгаа тэгш хуваарилалтад оруулах, баялгаа бүртгэх  эхний алхам бол УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол мөн.

Сонирхол татсан баримтууд

УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу өмнө нь Хөгжлийн банк, нүүрсний хулгай, эм, ногоон автобусны худалдан авалтын  хэргүүд илчлэгдэн, ард түмнийг мэдэх эрхээр, хууль хяналтын холбогдох байгууллагыг мэдээллээр хангасан. Яг түүнтэй адил “ашигт малтмал”-ын сонсголын үр дүнгээр стратегийн орд газруудыг авсан, дамжуулсан ашиг сонирхлууд илчлэгдэж, төлбөр, татвараа нуун дарагдуулсан бүхэн ил гарахад бэлэн болжээ. Тухайлбал, хамгийн их ашигт малтмалын орд газрын лицензийг Ерөнхий сайд Ч. Сайханбилэгийн үед олгогдсон гэж байна. Хамгийн их ашиглалтын лицензийг эзэмшдэг аж ахуйн нэгжийн жагсаалтыг Монгол алт /МАК/ -26 лицензээр тэргүүлж байгаа бол  Гачуурт -15, Бүрдэл майнинг-13, Хүннү говь алтай-12, Сэкер ресорсус монголиа-11 тооны лицензтэй гэх зэрэг эхний баримтууд дэлгэгдэж байна. Түүнээс цааш хамгийн их хайгуулийн лиценз эзэмшдэг, хамгийн их тусгай зөвшөөрөлтэй байгууллага, хувь хүн, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эцсийн өмчлөгчид, гадны улс орнуудын хамаарал гээд нотолгоонд суурилсан баримтууд гарч ирж  байна. Мөн өв залгамжлал, бэлэглэлийн гэрээгээр стратегийн орд газруудыг ямар зорилго, эрх ашгаар шилжүүлсэн зэрэг баримт, мэдээлэл ил болох ёстой. Тодруулж хэлбэл, стратегийн зарим орд монголын томоохон компани цөөн гэр бүлийн өмч болсон. Өөрөөр хэлбэл,  Монгол Улсын 3,5 сая хүн тэгш хүртэх ёстой байгалийн баялаг хагартлаа баяжсан хэдхэн гэр бүлийн өмч болоод удлаа.

Уул уурхай урт гартай

 “Ашигт малтмалын” нээлттэй сонсголыг зохион байгуулах үйл ажиллагаанд төрийн өндөр албан тушаалтан хийгээд тэдний гар хөл болсон төрийн зарим албан хаагчид  мэдээллээр хангах үүргээсээ зугатах, буруу мэдээлэл хүргэх зэргээр саад тотгор тавьсан ч УИХ-ын дарга Г.Занданшатар зорьсондоо хүрч нээлттэй сонсголыг ямар ч байсан эхлүүллээ. Тухайлбал, сонсгол хийхээр бэлтгэх хугацаанд 53 байгууллагаас нотлох баримт гаргуулахаар хандсан ч 12 байгууллага хариу ирүүлээгүй 12, нотлох баримтын шаардлага хангаагүй 9 байгууллага байгаа ажээ. Гэхдээ төрийн сүлжээгээр нотлох баримтуудыг олж авсан байна. Түүнээс гадна хамгийн ноцтой нь УИХ-ын  нэр бүхий гишүүд энэхүү сонсголд оролцохоос татгалзаж, утсаа ч авахгүй алга болсон сураг байна. “Уул уурхай урт гартай” гэдэг үг үнэн бололтой. Зугатагсад бол аль нэгэн лиценз эзэмшигчдийн нууц эзэмшигч, нөлөөлөгчид учраас илчлэгдэхээс айсан нь тодорхой. Харин сүүлчийн сонсголыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан удирдаж, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц. Цэрэнпунцаг гишүүнээр нь ажиллаж  байна. УИХ-ын даргад сонсголыг удирдах хүнийг сонгох амаргүй байсан нь мэдээж. Гэхдээ Б.Энх-Амгалан ашигт малтмалтын ямар нэгэн асуудалтай холбоо, хамааралгүй цөөхөн гишүүдийнх нь нэг бололтой. Харин Ц.Цэрэнпунцаг гишүүн эхний өдрийн сонсголд гэрчээр оролцож, гадаад улсын биржээр дамжуулан  хувьцаа хуулийн дагуу худалдан авсан асуудлаараа тайлбар өгсөн. Сонгуулийн цаг эхэлсэн нөхцөлд улс төрч улстөрчөө илчлэх сонголтыг хийж байгаа тэдэнд  талархья.

УИХ-ын дарга Г.Занданшатар аль ч улстөрийн хүчнээс үл хамааран орд газруудтай хамаарал бүхий улс төрчдийг гэрчээр дуудах, илчлэх үүргийг Хяналт шалгалтын Түр хороонд өгсөн. Тэгэхээс өөр арга үгүй. Өнгөрсөн 30 жилийн баялгийн тэгш бус хуваарилалтад нам улс төр харгалзахгүй эрх мэдэлтнүүд оролцсон гэдгийг олон түмэн мэдэж буй. Харин УИХ-ын дарга ард түмний мэдэх эрхийг хангахын тулд хүний, өөрийнх гэж ялгахгүй хандах ёстой. Хэрэв ялгаж, салгавал  нөр их хөдөлмөрөө зориулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, түүнийг хэрэгжүүлсэн УИХ-ын Хяналт шалгалтын тухай хууль улмаар Үндэсний баялгийн сангийн хуулиуд хэрхэвч хэрэгжиж чадахгүй.

Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг “Энержи Ресурс” буюу  МCS-ийн Ж.Оджаргал,  “Цагаан суварга орд”  болон ”Нарийн сухайт”  нүүрсний ордуудыг эзэмшдэг  МАК-ийн Б.Нямтайшир зэрэг дотоодын стратегийн орд эзэмшигчид УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд дуудагдах нь бололтой.

Монголын стратегийн 16 ордны 7 л төрийн өмч. Үлдсэн нь хэний эзэмшил вэ, дараагийн 39 ордыг тойрсон бүлэглэл хэрхэн хэрэн хэсч буйг тогтоох цаг ирсэн. Хэрэв дээрх бүх орд газруудыг энэ хэвээр нь эзэмшүүлсээр, хэдхэн гэр бүлд өмчлүүлэн өвлүүлсээр байвал төрийн өмчийн долоохон орд газраас л Үндэсний баялгийн сангийн хуулиа хэрэгжүүлэх хэрэг үү. Хэрэв ингэх аваас байгалийн баялгийн тэгш хуваарилалтын тухай яриад хэрэггүй биз ээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хүн биш хууль засаглаж, шударга ёс үйлчилдэг төрийг тогтоохын тулд эрх мэдлийн боломж бүрээ ашиглаж сонсголыг эхлүүлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657248
0 эможи

Зочин
2024-05-30 21:11
Хегжлийн эсрэг хууль нэртэй беендсен зуйлд захирагдах уу!!!
keyboard_arrow_up