Ашиглалтын хамгийн олон лиценз “МАК”, “Гацуурт” хоёрт, хайгуулынх “Цайна инвэстмент монголиа“-д байна

2024 оны 5 сарын 30

Arslan.mn

УИХ-ын 25 дугаар тогтоолоор байгуулагдсан Ашигт малтмалын лиценз олголттой холбоотой асуудлыг шинжлэх судлах Түр хорооны сонсгол өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх сонсголд нийт 61 гэрчийг дуудсан байна. Өчигдрийн сонсголоор Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагаа сэдвийн хүрээнд гурван багц асуудлыг хэлэлцсэн юм. Сонсголыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан удирдаж байгаа бол тус түр хорооны гишүүнээр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ц.Цэрэнпунцаг нар ажиллаж байна.

Хайгуулын 14299, ашиглалтын 2518 тусгай зөвшөөрөл олгогджээ

Үндэсний геологийн албанаас хийсэн танилцуулгаар Монгол Улсын хэмжээнд 1997-2023 оны хооронд хайгуулын 14299 тусгай зөвшөөрөл олгогдсон бол ашиглалтын 2518 тусгай зөвшөөрөл олгожээ. Дорноговь, Өмнөговь аймагт хамгийн их ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа бол 2004 онд хамгийн их хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож байжээ. Тодруулбал, 2053 тусгай зөвшөөрөл энэ онд олгогдож байжээ. 2019-2023 оны байдлаар голлох таван төрлийн ашигт малтмалаар сүүлийн таван жилд 5.246.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрчээ. Улсын төсөвт төвлөрсөн нийт орлогын 60 хувийг нүүрсний олборлолт, борлуулалт эзэлж буй юм байна. Голлох ашигт малтмалын таван төрөлд нүүрс, алт, зэс, цайр, төмрийн хүдэр, жонш эзэлж байна.

"МАК" болон "Гацуурт" компани хамгийн олон лиценз эзэмшдэг

Шинжээч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нэгтгэснээ танилцууллаа. Шинжээч "МАК" болон "Гацуурт" компани ашигт малтмалын ашиглалтын хамгийн олон лиценз эзэмшдэг. Харин "Цайна инвэстмент монголиа" компани хамгийн их хайгуулын лиценз эзэмшиж байна. Нэг компани хамаарал бүхий байгууллага болон охин компаниараа дамжуулан тусгай зөвшөөрөл эзэмшиж болно. Тиймээс нэг компани хамаарал бүхий хуулийн этгээдээр дамжуулж хэдэн лиценз эзэмшиж буй тоог гаргасан. "МАК" компани холбоо хамааралтай хараат гурван байгууллагаараа дамжуулж 14 лицензийг эзэмшиж байна. Тус компанитай холбоотой нийт 40 тусгай зөвшөөрлийн лиценз байна.Тухайн компани дээр хамааралтай хувьцаа эзэмшигчийн мэдээллээр нь нэг иргэн хэдэн тусгай зөвшөөрөл эзэмшиж буйг боловсруулсан. Б.Нямтайшир 41, Б.Хулан 40, Н.Номтойбаяр 40 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Идэвхтэй байгаа тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй 1.773 хуулийн этгээдийн хувьцааг нийт 2.941 хувь хүн, байгууллага ямар нэгэн байдлаар эзэмшиж байна. Түүнээс 2.390 нь манай улсынх, 325 нь БНХАУ-ын иргэн байгаа юм. Одоогоор идэвхтэй 79 стратегийн ордын зөвшөөрөл байгаагийн 10 нь хайгуулынх юм. Тус стратегийн ордыг эзэмшиж буй 32 хуулийн этгээдийн хувьцааг 59 хувь хүн, байгууллага эзэмшиж байна. Тус 59 хувьцаа эзэмшигчийн 43 нь Монгол, тав нь БНХАУ-ын хувь хүн, байгууллага байгаа юм" хэмээн танилцуулав.

Ц.Цэрэнпунцаг: "Аспайр майнинг" компанийг монголын эзэмшилтэй болгосон

Шинжээч:

-Хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад оролцож удаа дараа өндөр үнийн санал өгч шалгараад зөрүү төлбөр төлөхгүй, тусгай зөвшөөрөл авахгүй орхиж, тухайн талбайн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон. Сонгон шалгаруулалтын улсын байцаагчийн мэдээллээс үзэхэд тухайн талбайд хууль бусаар ашигт малтмал олборлож байх магадлалтай байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын нүүрсний уурхайн зарим хэсгийн тусгай зөвшөөрлийг "Аспайр майнинг" гэх компани авсан. Харин одоо тусгай зөвшөөрлийг "Хургатай хайрхан" ХХК эзэмшиж байгаа гэв.

“Хургатайхайрхан" ХХК-ийн эцсийн өмчлөгч, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: 

-Сонсголд Хянан шалгах түр хорооны дарга, гэрчийн байр сууринаас оролцож байна. Олон ээдрээтэй, хүмүүсийг төөрөлдүүлсэн асуудал явдаг. Олон түмний өмнө тодорхой хариулт өгчих хэрэгтэй. "Аспайр майнинг" гэх компани 2007 онд хөрөнгийн бирж дээр гарсан. Австралийн хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаа нь худалдаалагддаг. Би тус компанийн хувьцааг 2018 оноос 2019 оны арванхоёрдугаар сар хүртэл авсан. Өнөөдрийн байдлаар 52.5 хувийг миний бие эзэмшиж байгаа. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт бүх мэдээлэл ил тод байдаг. Лицензийг "Хургатай хайрхан" гэх компани эзэмшдэг. Энэ компани тусгай зөвшөөрлөө авах үед би байгаагүй. 2008 онд хайгуулын тусгай зөвшөөрлөө авсан. Би "Аспайр майнинг" компанийн хувьцааг 2018 онд авч эхлэх үед 100 хувь гадаадын хөрөнгө оруулагчид байсан. Нээлттэй компанийн хувьцааг авдаг шугамын дагуу өнөөдөр Монголын эзэмшилтэй болгосон. Би нэг талдаа эх оронч сэтгэл гаргаж энэ компанийн хувьцааг авсан. Өнөөдөр энэ компани ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй” гэв.

“Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг засаг дарга биш Засгийн газраас тогтоож байсан”

Шинжээчийн танилцуулгад Говьсүмбэр аймаг иргэнд өмчлүүлсэн газрын ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхцуулан олгосон газрын хэмжээгээр хамгийн томд тооцогддог байна. Тодруулбал, тус аймгийн Сүмбэр суманд иргэний өмчилсөн 800 нэгж талбай буюу 56 га, Шивээговь суманд 985 нэгж талбай буюу 103 га газрыг ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхцуулан олгожээ. Хянан шалгагч, шинжээчдийн зүгээс Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан Л.Од-Сэрийг гэрчээр дуудсан байна.

Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан Л.Од-Сэр:

-Би 2013 оны аравдугаар сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргаар томилогдоод 2015 оны долдугаар сард ажлаа хүлээлгэн өгсөн. Энд яригдаж байгаа иргэнд өмчлүүлсэн газрыг ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхцуулсан гэх мэдээлэл нь намайг ажиллаж байх үеийн цаг хугацаатай давхцахгүй байгаа учраас би мэдэхгүй. Миний өмнө болон дараа ажиллаж байсан Засаг дарга нар энэ зөвшөөрлийг олгосон. Би энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшихээр хүсэлтээ өгөөд байгаа. Улс төрийн зорилгоор ямар ч хамааралгүй намайг энэ сонсголд дуудаж байгаа нь нийгэмд буруу харагдуулах зорилготой гэж харж байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарга асан Н.Чинбаатар:

-Тэр үед хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг Засгийн газраас тогтоож байсан. Бидний хувьд тэр тогтоосон газарт л зөвшөөрөл олгож байсан. Төрөөс тогтоосон газарт ямар нэгэн давхцал байхгүй гэж гарч ирж байсан. Дээрээс нь манай мэдээллийн санд газрын давхцал байхгүй байсан гэв. 

Сонсгол өнөөдөр үргэлжилнэ.

 

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
657240
1 эможи

keyboard_arrow_up